“Хүн гэгч нэг улс оронд биш, хэл ярианы орчинд л аж төрдөг. Хэл гэдэг бол хэн хүний улс орон нь, эх орон нь юм. Өөрөөр байх аргагүй.” Энэ үгийг Румын гаралтай, гүн сэтгэгч, нийтлэлч Эмиль Чоран хэлжээ. “Би улс орныхоо гэхээсээ илүүтэйгээр эх хэлнийхээ харьяат.” Тэр л мөн ийн хэлжээ.

Өнөөгийн дэлхий энгээр аж төрөгч 6.5 тэрбум хүний ярьж хэлэлцдэг зургаан мянган хэлний дотор бидний эх хэл -монгол хэл хэр жин дарах, ямар орон зай эзлэх, хэр баян хэл вэ?

Ямар ч бол, өвөг монгол хэл гээд ирэхээр, монгол угсаат улсууд болох хүннү, хитан, сяньби, нирун нарын ярьж хөөрч, үйл хэргээ хөтөлж ирсэн тэр хэл байх нь. Жаахан наашлаад, өвөг монгол хэлний сүүл үеэс XII зууныг хамран эртний монгол хэл дөхөх нь. Эртний монгол хэл наашилсаар, XVI зууны нүүрийг үзэхэд, дунд үеийн монгол хэл залгах нь. Одоо бидний утга андуурах юмгүй ойлгодог, ярьдаг, бичдэг орчин үеийн монгол хэл XVI зуунаас XXI зууны бидний үед ирчихээд байна. Эх монгол хэлний хөгжлийн түүхийг харахад иймэрхүү төрх харагдана. Бичгийн хэлний хувьд ч монгол хэл нэн эртний арвин түүхтэй.

Монгол хэл, түрэг, хамниган хэлтэй нэг төрөл, ерөнхийдөө эдгээр хэлний үлгэр домогт үлэмж гардаг Алтай хэмээх уулын нэрээр, алтайн язгуур хэл хэмээн дэлхийн хэлшинжлэлд нэгэнт нэр томьёо болон тогтжээ.

“Хэл бол соёлын хөтөч, нэг ёсны соёлын газрын зураг юм. Хэл л тухайн ард түмнийг хаанаас ирсэн хэн болохыг нь, бас хаашаа явж байгааг нь заагаад өгнө” гэсэн үг ч бий. Тэгэхлээр уг сурвалж, үүсэл гарлаа язгуураар нь таньж мэдэхийн тулд, монгол хэлээ, монгол хэлэнд орж идээшсэн самгарди, иран, согд, төвд, нангиад, манж зэрэг олон хэлний болон, монгол хэлнээс өөр хэлэнд шингэж орсон өдий төдий үгийг зайлшгүй шинжлэн судлах хэрэгтэй болдог аж.

Бидний эх хэл -монгол хэл түүхийн асар урт удаан хугацааны турш тасралтгүй хөдөлж, хөгжиж иржээ. Монгол улс бол маш эртний, аугаа түүхт улс шүү гэдгийг хаана ч, хэний ч өмнө эх монгол хэл эргэлзэх юмгүйгээр гэрчилж өгдөг онцлогтой.

Манай эрдэмт өвөг дээдэс ч эртнээс эртнээс тэр тухай хэлж бичиж иржээ. Жишээ нь л гэхэд, их бичгийн хүмүүн Бямбын Ринчен гуай, “Монгол бичгийн хэлний зүй” хэмээх гайхамшигт бүтээлийнхээ тэргүүн дэвтэрт, 1912 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Жамсрангийн Цэвээн гуайгаас Ханд чин ванд өргөсөн бичгийг түүхийн нэгэн сурвалж болгон оруулжээ.
“Гадаадын олон хүчирхэг улсын хамаг чадал нь гагцхүү… зүйл бүрийн ухааныг өөр өөрийн төрөлх хэл дээр судалснаар энэ мэт хүчирхэг болжээ. Бас манай Монгол улс болбаас, Чингис богдоос дараалан дээд үеийн өндөр хэдэн өвгөд эрдэмтнийг хэрэглэн чадсанаар алтан дэлхийг наран мандахаас наран шингэх хүртэл эзэлж, Монголын хэцүү алдрыг ертөнцөд галав дүүртэл үлдээсэн билээ” хэмээн Ж.Цэвээн гуай зууны тэртээд онцлон дурдаж байж.

Хувь хүний хөгжил, эх орны ирээдүй тэгвэл харийн аль нэг хэлэнд хэт шүтэхдээ бус, эх хэлээ хэр төгс эзэмшихээс хамаатай ч байж болохоор аж. Манайхан нэг үе англи хэл л сурч байвал бусад нь хамаагүй юм шиг загнаж, тэр хэрээр эх хэлний үнэ цэнэ ихэд буурах шинж мэдэгдэх болсон. Улсынхаа дотор, төрийнхөө албанд монгол хүн ажиллах байтал, тэрхүү ажилд нь тэнцэх шалгуур нь англи хэл байсаар ирсэн.

Монгол хүний өөр хэлтнээс ялгарах шинж, ганц давуу тал нь эх хэлээ гоц гойд мэдэх явдал юм. Хэдийгээр та, жишээ нь, итали хэл төгс сурлаа гэхэд, эх хэлээ сайн мэдэхгүй л бол, Италийн 60 сая гурван зуун мянган хүнээс юугаараа ялгарах вэ? Таны цаана танаас хамаагүй илүү эхийн цагаан сүүтэйгээ цуг итали хэлийг залгилж өссөн, төдий зэргийн хүмүүс байж л байна гэсэн үг.

Өнөөдөр экзофони (exophone) гэх нэн эртний үзэгдэл боловч, дөнгөж шинээр томъёолсон нэршил бий болж, шүлэг зохиолоо эх хэлээрээ бус, сурсан хэлээрээ бичдэг хүмүүс олноор төрж, тийм хүмүүсийг ч тэгтэл гайхахаа больжээ.

Манайд ч эртнээсээ ийм уламжлал байсаар ирсэн. Хубилай цэцэн хаан л гэхэд, шүлэгч хүн байж, эх хэлээрээ бус, нангиад хэлээр яруухан туурвидаг, хэлний их мэдлэгтэн асанж. Зава Дамдин гавж тэргүүтэн, манай номч лам нар олноороо төвдөөр олон сүмбүм бүтээлээ туурвиж ирсэн байдаг. Өнө эртний Хубилай хаан, манай эрдэмт лам нар, энэ цагийн Чинаагийн Галсан гуай тэргүүтэн бол цөм экзофон зохиолчид.

Жозеф Конрад, Сэмюэл Беккет, Франц Кафка, Иосиф Бродский, Владимир Набоков гээд төрөлх хэлээрээ биш, харь хэлээр зохиолоо бичдэг дэлхийн аль суутныг хэлж барах вэ. Бидний үеийнхэн роман, тууж, аль гарсныг бахдан уншдаг асан Чингиз Айтматов л гэхэд, оросоор зохиолоо бичдэг, киргиз хүн байв. Үндэсний бичиг үсэг ч гэж, үнэндээ тэдэнд байгаагүй байх.

Миний хэлний хязгаар тулахад–миний ертөнцийн хязгаар эхэлдэг хэмээн нэгэн гүн ухаантан хэлжээ. Үүнийг багахан гуйвуулаад хэлэхэд, эх хэлний эрдэнэс дутахад, харь хэлний халдлага эхэлдэг гэж ч болохоор. Одоо бид ойрхи үеийн өнгөрсөн түүхээ эргэн харж, эх хэлээ эрхэмлэн дээдлэх цаг нэгэнт ирсэн мэт.

Их хурлын болон орон нутгийн сонгууль, төрийн янз бүрийн томоохон албанд сонгогдох, томилогдох болохоороо ийм тийм хэл мэднэ хэмээн бичдгээ азнаж, эх хэлнийхээ мэдлэгээр уралдвал яасан юм бэ? Олон хэлтэйгээрээ ямар (сайн мэддэг л байгаасай) орчуулгын товчоо ажиллуулах гэж байгаа биш, тэгж ч бичихийн хэрэг байна уу даа хэмээн хэлэх нэгэн гардаг л болсон харагдана билээ.

Тэртэй тэргүй олноороо мэдэх иймэрхүү зүйлсийг ийнхүү учирлаж, залхууг тан хүргэхээс зайлсхийж, их мэргэдийнхээ эх хэлний талаар юу гэж сургасныг товч толилуулъя.

Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон.
Дашдоржийн Нацагдорж

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Бямбын Ринчен

Ангаахайн чинээ байхаас минь бүүвэйлсэн үг
Аялгуу сайхан монгол хэлийг хомс гэхэд би итгэхгүй.
Мишигийн Цэдэндорж

Үгийн ид шид үнэхээр гайхамшиг. Үгээр үй олны сэтгэлийг сэргээж, зоригийг бадрааж болно.
Чойжилын Чимид

Монгол бичгийн хэл бол… Ар, Өвөр Монгол, буриад, дөрвөд тэргүүтэн бүх монгол овогтны хэлний баялгийн шимийг хэд хэдэн зуун жилд шингээн боловсруулсаар ирсэн, тэдгээрийн соёлын хэлхээ мөн.
Цэндийн Дамдинсүрэн

Эх хэл, төрөлх хэл, язгуур хэл, уугуул хэл, үндэсний хэл, заяаны хэл, байгалийн хэл, чухам юу юу гэж ч нэрлэсэн бай, эхийн ариун хэвлийгээс, эхний ангир уургаас, эгшиглэнт яруу бүүвэйнээс амласан энэ монгол хэл бол та бидэнд заяасан дээдийн дээд хишиг мөн билээ.

До.Чулуунбаатар тэрлэв.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн