Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.09.04/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд тархаж, 26 сая 600 мянга гаруй хүн коронавируст халдвараар өвчилсөн байна.
Халдвар сүүлийн гурав хоногт нэг саяар нэмэгдсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 279 гаруй мянган хүн шинээр халдвар авч, 6000 гаруй хүн өөд боллоо. Энэ нь өмнөх өдрөөс халдварын тохиолдол 34 мянга, нас баралт 2000-аар нэмэгдсэн үзүүлэлт.
Тухайлбал, ОХУ-д 4995 хүн шинээр халдвар авч, 114 хүн эндлээ. БНХАУ-д 34 хүн шинээр халдвар авсан бөгөөд найм нь зөөвөрлөгдсөн байна. Японд 659 хүн шинээр халдвар авч, долоон хүн нас барлаа. БНСУ-д 189 хүн шинээр халдвар авснаас ес нь гаднын орноос зөөвөрлөгджээ.
АНУ-д их, дээд сургуулийн орчинд, цахилгаан шатанд тамхи татахыг хориглох шаардлага тавив. Энэ нь халдвар авах эрсдэлийг тав дахин нэмэгдүүлдэг гэж үзсэн байна.
Манай улсын хувьд өчигдөр 12 хүн ажиглалтаас гарч, 217 хүн ажиглалтад шинээр орсон. Одоогоор 3896 хүн тусгаарлах ажиглалтад байна. Эдгээрт 31 их эмч, 85 резидент, 56 төрийн алба хаагч үйлчилж байна.