“Эрдэнэс Тавантолгой” ХК 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүрэн төвлөрүүлээгүй учраас иргэдийн гарт олгогдохгүй байгаа талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус компанийн зүгээс иргэдэд олгох ногдол ашгийн мөнгийг өнөөдрийн байдлаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү 100 хувь шилжүүлсэн байна. Нийтдээ 179 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Тэгэхээр одоо иргэдийн данс руу шилжүүлэх ажил Сангийн яам болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хамаарах болж байна.

Иргэн танд ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ

Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.000 болсон.“Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Гааль татвар санхүүгийн баримтын мэдээллийн технологийн төв” УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликейшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн гэдгээ мэдэгдсэн.

1072 хувьцаа эзэмшигч иргэн нас барсан бол гэр бүлийн гишүүд нь ногдол ашгийг нь авч болох уу гэсэн асуултыг иргэд тавьдаг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 мэдээллийн албаны менежер Э.Баатарцогт: “Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад өвлүүлэх, бэлэглэх тухай шинэчилсэн журмын дагуу 1072 хувьцаа нээлттэй болсон тохиолдолд тухайн гэр бүлийн гишүүн нь өмчлөх эрхтэй. ногдол ашгийг олгож эхлэхэд холбогдох баримт бичгийг бүрдүүлээд Үнэт цаасны хадгаламжийн төвд хандаж нас барсан иргэний ногдол ашгийг авах боломжтой. Хувьцаа гэр бүлийн гишүүнд шилжсэн бол дараа дараагийн ногдол ашгийг мөн тухайн хүн хүртэнэ” гэсэн мэдээллийг өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд өгч байсан.

Тэгвэл иргэдэд 1072 хувьцааны данс нээх үйлчилгээ үзүүлж буй “Гүүдсек” үнэт цаасны компаниас тодруулахад “Одоогоор Засгийн газраас энэ талаар ямар нэг шийдвэр гараагүй байгаа. Гэр бүлийн гишүүдэд нь өвлүүлэх, шилжүүлэх шийдвэр гараагүй байна. Тиймээс нас барсан хувьцаа эзэмшигчдийн нэр дээр хувьцаа нь бүртгэлтэй хэвээрээ байгаа” гэсэн хариултыг өгч байв.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа хөрөнгийн бирж дээр арилжаанд гараагүй тул зарах, худалдан авах, өвлүүлэх, бэлэглэх зэрэг эрхүүд одоогоор хаалттай. Тус компанийн 1072 хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгосны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэх эрх зүйн орчин орчин бүрдэнэ гэдгийг тодотгоё.

Сануулахад, ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс хувьцааны нэгдсэн бүртгэлийн ETT аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Иргэд уг аппликейшнийг татаж авснаар, өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа хувьцааны тоо ширхэг, хувьцааны данстай эсэхээ шалгахын сацуу шинэ мэдээ, мэдээлэл авах, санал, хүсэлтээ илэрхийлэх боломжтой юм. Мөн хувьцаатай холбоотой мэдээллийг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн веб сайт, пэйж хуудас, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утаснаас авах боломжтой юм.

Хувьцааны дансаа нээлгэхийн тулд өөрийнхөө нэр дээр хэд хэчнээн хувьцаа байна вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Сануулахад, 1072 хувьцаа иргэдэд хуваарилагдсанаас хойш улс төрийн угшилтай дөрвөн шийдвэр гарсан. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс нэг сая төгрөг олгож, хувьцааг нь худалдаж авсан. Мөн төрөөс оюутны сургалтын төлбөрт нэг сая төгрөг олгож, хувьцааг нь авсан. Сүүлийнх нь сонгуулийн өмнө засгаас иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан явдал юм. Тиймээс иргэдийн нэр дээрх хувьцааны тоо ширхэг өөр, авах ногдол ашгийн хэмжээ өөр байгаа юм.

ИРГЭН ТАНЫ АВАХ НОГДОЛ АШГИЙН ХЭМЖЭЭ

1072 хувьцаатай иргэн 96 480 төгрөг

1063 хувьцаатай иргэн 95 670 төгрөг

964 хувьцаатай иргэн 86 760 төгрөг

857 хувьцаатай иргэн 77 130 төгрөг

750 хувьцаатай иргэн 67 500 төгрөг

536 хувьцаатай иргэн 48 240 төгрөг

527 хувьцаатай иргэн 47 130 төгрөг

Иргэд өөрийн нэр дээрх хувьцаагаа шалгахын тулд ҮЦТХТ-ийн https://net.schcd.mn/registration/ сайтад хандан регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон данстай эсэхийг тодорхойлох мэдээллүүд гарч ирнэ. Онлайнаар шалгах боломжгүй бол энгийн утасны тарифтай 18001072 дугаарын утсаар лавлаж тодруулж болно. Мөн 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээж, хувьцааны мэдээллээ авч болох юм.

Хувьцааны дансаа нээлгэхийн тулд брокер, дилерийн компани сонгох хэрэгтэй.

Брокер компани нь иргэн таны хувьцааг арилжих, данс нээхэд зуучлах үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Үнэт цаасны данс нь зөвхөн ногдол ашиг авахад зориулагдаагүй бөгөөд аль ч хувьцаат компанийн хувьцааг авах, зарах, хадгалах үүрэгтэй насан туршид ашиглагдах таны нэр дээр баталгаажих төвлөрсөн данс гэдгийг тодотгоё.

Түүнчлэн иргэн та Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn/mn/brokers/78 сайтад хандан албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй брокерийн компаниудаас сонгоорой.

Одоогоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны 54 компани бий. Тэдгээрээс 11 компани онлайнаар данс нээж байна.

By updown

3 thoughts on ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө хүртэх иргэдийн анхааралд”
  1. Ogwol ogood, ogohgui bol bolih heregtei shd. hedhen haltar bor yum ogoh geh hichneen ch ih show hiidegiin. Mongolchuudiig orowdoltei baidald oruulj doromjilj hanahgui yumaa

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн