Хүнсний хог хаягдлаар бордоо хийх үйлдвэрийг Нарангийн энгэрийн хогийн цэгийн “Эко парк” цогцолборт байгуулна. Азийн хөгжлийн банкнаас Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотоос гарах хүнсний хог хаягдлыг дахин боловсруулж, бордоо хийх үйлдвэр байгуулах, жижиг туршилтын төслүүд хэрэгжүүлэх ажил эхлээд байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/250 дугаар тушаалаар Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн дэргэд 1га газрыг хүнсний хог хаягдлаар бордоо хийх үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү төслийн хүрээнд хүнсний хог хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах туршилтын төслийг 3 түвшин (жижиг, дунд, том)-д хэрэгжүүлнэ.
Жижиг хэмжээний туршилтын төслийн хүрээнд 5 хорооноос тус бүр 10 өрхийг сонгож авах ба тус 10 өрхийн хүнсний хог хаягдлыг цуглуулж, дахин боловсруулж, бордоо гаргаж авах 1 өрх сонгогдоно. Тус өрх нь цуглуулсан хүнсний хог хаягдлаараа бордоо хийж сурах ба тус бордоог өөрийн хашаан дотроо болон хорооны тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажилд ашиглах юм.
Дунд хэмжээний туршилтын төслийн хүрээнд 5 сургууль, 5 цэцэрлэг сонгогдох бөгөөд сургууль, цэцэрлэг тус бүрээс хариуцсан баг хүнсний хог хаягдлаа цуглуулж, дахин боловсруулна. Гаргаж авсан бордоогоор сургууль, цэцэрлэг доторх ногоон талбайд цэцэрлэгжүүлэлт хийх бөгөөд тус ажилд сурагч хүүхдүүдийн оролцоог хангуулж, хүүхдүүдэд байгаль орчинд ээлтэй байх, хог хаягдлыг дахин боловсруулах тал дээр мэдлэг олгох ач холбогдолтой ажил хийгдэх юм.
Том хэмжээний туршилтын төслийн хүрээнд Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 1 га талбайд өдөрт 2000 кг бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барих юм. Уг үйлдвэрийг хогийн цэгт хаягдал түүж амьдардаг иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор ажиллуулна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба