Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.08.25/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Наймдугаар сарын 24-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид 1011 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Үүнд Алтанбулагийн боомтоор ирсэн 117, Сиатлаас хотоос ирсэн 253, Франкфуртээс ирсэн 189, Прагаас ирсэн 262, Орхон аймагт тусгаарлагдаж байгаа 70, ХӨСҮТ-ийн гурван тусгаарлалтад 21, гаднын улс оронд явах хүсэлт гаргасан 50, эмч ажилчид 28, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18 хүний шинжилгээнээс коронавирус мөн илрээгүй.
Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 298 батлагдсан тохиолдлын 289 нь эмчлэгдлээ. Улмаар нийт халдвар авсан хүмүүсийн 96.9 хувь нь эдгэрээд буй юм. Өнөөдрийн байдлаар сувиллын ажиглалтад 31, гэрийн тусгаарлалтад 40, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 218 хүн байна.
Одоогийн байдлаар халдвартын клиникт есөн хүн эмчлүүлж байна. Найман хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийтдээ эмчилгээ ажиглалт тандалтад 27 хүн байна.