Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.08.25/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийд 23 сая гаруй хүн коронавирусний халдвараар өвчлөөд байна. 16 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагт таван мянга гаруй хүн энджээ. Хойд хөрш ОХУ-д хоногт 4744 хүн коронавирусний халдвар авч, 65 хүн нас баржээ.
Япон Улсад 493 хүн шинээр халдвар авч, 13 хүн эндэв. Өвчлөл өмнөх өдрийнхөөс ялимгүй буурах хандлага ажиглагдаж байгаа ч нас баралт өндөр хэвээр байна.
Өмнөд Солонгост 280 хүн шинээр халдвар авсны 16 нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байжээ. Тус улсад халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор бүх иргэдийг гадаад, дотоод орчинд амны хаалт зүүх шаардлага тавьж иргэдийн оролцоо халдвараас урьдчилан сэргийлэхэд маш чухал юм. Та бүхэн өөртөө болон өрөөл бусдад шаардлага тавих нь тухайн хүний эрүүл мэндийг хамгаалж байгаа арга билээ.
Өмнөд Солонгост хүмүүс амны хаалт зүүгээгүй байвал утасны апп-аар дамжуулан мэдэгдэх тогтолцоо бий болжээ.
Мөн энэ жил улирлын томуугийн вакциныг хүн бүр хийлгэх нь чухал гэдгийг ДЭМБ-аас зөвлөж байна. Томуу, коронавирусийн халдвар давхцвал ямар эрсдэл, дагуулахыг хэлж мэдэхгүй. Тиймээс томуугийн вакцин хийлгэх нь чухал гэдгийг АНУ-ын эрдэмтэд сануулж байна.
Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний байдал биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.