Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны наймдугаар сарын 24-нд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана-тай цахим уулзалт хийв.
Тус комисс нь манай бүс нутгийн өмнө тулгарч буй нийгэм-эдийн засгийн сорилтыг даван туулах, тогтвортой хөгжлийн чиглэлээр бодлогын санал боловсруулах, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж ирснийг Монгол Улс өндрөөр үнэлдгийг Н.Энхтайван сайд онцлов.
Мөн шинэ төрлийн коронавирус /КОВИД-19/-ын цар тахлын улмаас иргэдийн орлого буурах, ажилгүйдэл нэмэгдэх зэрэгээр нийгэм, эдийн засагт үүсч буй хүндрэл, сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.
Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана Гадаад харилцааны сайдаар томилогдсонд нь баяр хүргэхийн зэрэгцээ Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс дахь Монгол Улсын оролцоог өндрөөр үнэлдгээ онцлон тэмдэглэж, цар тахлын улмаас үүсээд буй хүндрэл, бэрхшээлүүдийг даван туулахад хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Тэрбээр Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсч, худалдаа, ачаа тээврийн нөхцөлийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг чиглэлээр Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, Монгол Улсыг Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээрт нэгдэхийг уриаллаа.