Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ ” Монгол улс 7 сарын хугацаанд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо. Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 улс орон хичээл сургуулиа хэсэгчилсэн байдлаар эхлүүлээд байна. Цэцэрлэг бол хүүхдийн маш онцгой байгууллага. Томуугийн дэгдэлтэд халдвар авсан хүмүүсийн 60 гаруй хувийг 0-4 насны хүүхэд эзэлдэг. Тиймээс дараах хэдэн хэдэн зөвлөмжийг гаргасан.
· Нэг бүлэгт 20-25 дээшгүй хүүхэд хүмүүжнэ
· Цэцэрлэг ажлын 5 өдөр буюу хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана
· Гэр-цэцэрлэг-гэр гэсэн маршрутаар хүүхдээ авч явах, олон нийтийн газар дагуулж явахгүй байх. Хүүхдээ цэцэрлэгт авч ирэхдээ, явахдаа амны хаалт зүүлгэх. Цэцэрлэгийн анги танхимд хүүхдүүд амны хаалт зүүх шаардлагагүй.
· Хичээлийн хэрэгслийг БШУЯ гаргасан зөвлөмжийн дагуу бэлдэх
Бид өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл, сургуулийг ажиллуулах гэж байгаа гэдгийг анхаараарай. Өмнө нь явж байсан 3-4 настай хүүхдээ хамруулаад, анги танхим илүү байгаа бол зорилтот бүлгийн хүүхдүүдээ хамруулах сайдын тушаал гарсан.
Бид сургууль, цэцэрлэгийн захиргаануудтай хамтран шаардлагатай байгаа хэрэгцээнүүдээ нарийвчлан гаргалаа. Тиймээс төрийн бус өмчит цэцэрлэгийн сул орон зайг ашиглан 5087 хүүхдийг хувийн цэцэрлэгт төрийн өмчийн зардлаар авах ажлыг хийнэ.
Анги танхимын хүрэлцээ тааруу байгаа зарим цэцэрлэгт зориулалтын барилга байгууламжийг түрээсэлж ажиллуулах талаар Нийслэлийн Боловсролын байгууллага аймгуудаас мэдээллээ аван, зохион байгуулалт хийн ажиллаж байна. Харин 5 настай хүүхдүүдээ цэцэрлэгт 100 хувь хамруулна. Эцэг эхчүүд оршин суух харьяаллынхаа дагуу хамран сургах тойрогтоо хүүхдээ элсүүлээрэй гэж зөвлөх байна. Сайдын тушаалаар баталсан түр журмыг зөрчин 2 настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлсэн эсэхийг Мэргэжлийн хяналтын газар шалгах эрхтэй. Шалгалтын явцад зөрчил илэрвэл зөрчлийн хуулиар хариуцлага тооцно” гэлээ.
Л.Баяр