Монголын чөлөөт бөхийн холбооны /МЧБХ/ дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурал ирэх сарын 03-нд “Туушин” зочид буудалд болох гэнэ. Хурлыг МЧБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүхийн санаачлага, санхүүжилтээр “НЭГ ЗОРИЛГО, НЭГ БАГ” уриан дор зохион байгуулна.
Энэ жил Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос томоохон тэмцээнүүдийг дараах байдлаар зохион байгуулахаар товлоод байна.
- U-23 насны ДАШТ-ийг 11-р сарын 23-29-нд Финляндын Тампере хотод,
- Залуучуудын ДАШТ-ийг 12-р сарын 4-10-нд,
- Насанд хүрэгчдийн ДАШТ-ийг 12-р сарын 12-20-нд Сербийн Белград хотноо зохион байгуулахаар тус тус төлөвлөж байгаа.
Дээрх тэмцээнүүд зохиогдох нь эцэслэн батлагдвал Монгол Улсыг төлөөлж оролцох шигшээ багийн сонгон шалгаруулалт, бэлтгэл сургуулилтыг хэрхэн хангах тухай асуудлыг энэ хурлаар хэлэлцэнэ.
Мөн 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хугацааг товлох, олимпийн эрхийн тэмцээн болон олимпийн наадамд баг тамирчдыг бэлтгэх, нэгдсэн нэг удирдлагаар хангах, шигшээ багийн болон үндсэн дасгалжуулагчдын хамтын ажиллагаа, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхой болгох зэргийг хамтдаа хэлэлцэн тодорхой шийдвэрүүдийг гаргана гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.