АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анх удаагаа Конгрессийн нэгдсэн чуулганд илтгэл тавилаа. Мягмар гаригийн орой буюу манай цагаар өнөөдөр (2017.03.01) тавьсан илтгэлдээ Трамп АНУ-ын Цагаачлалын тухай хуулийг шинэчлэх төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Ядуу тарчиг, амьдрах чадваргүй цагаачдыг хүлээж авахад зориулагдсан, цаг үеэсээ хоцрогдсон, улс орны эдийн засагт дарамт болдог тогтолцоог өөрчилнө. Татвар төлөгчдөд дарамт үүсгэж, нийгмийн эмзэг хэсгийн иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг системийн оронд Канад, Австрали зэрэг орны чанарт суурилсан (merit-based) цагаачдыг хүлээж авдаг тогтолцоог нэвтрүүлнэ гэж Д.Трамп хэлсэн байна.
Түүнчлэн санхүүгийн хувьд өөрсдийгөө тэтгэх боломжтой цагаачдыг хүлээн авах шинэ систем нэвтрүүлснээр их хэмжээний хөрөнгө хэмнэж, ажилчдын цалинг нэмж, эмзэг давхаргын айл өрхүүд дундаж давхаргад шилжихэд түлхэц өгнө гэжээ.
Мөн энэ үеэр Трамп хууль бус цагаачидтай хийх тэмцлээ хэвээр үргэлжүүлэхээ амласан байна. Тэр Мексикийн хилийн дагуу хана хэрэм босгох ажлаа үргэлжлүүлж, Америкийг гэмт хэргийн бааз болгодог хууль бус цагаачдаас цэвэрлэх бодлогоо орхихгүй гэж мэдэгджээ.