УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Дамба-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Өнгөрсөн лхагва гарагт болсон шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны дагуу өнөөдрийг болгон хойшлуулсан юм.
Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан 2 дахь удаагаа хойшилсон билээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /УИХ-ын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн есөн хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны зургаадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар