Ковид-19 өвчинтэй зэрэгцээд инфодемия буюу хуурамч мэдээлэл, хов жив гээд нийгмийг айдас түгшүүрт автуулах мэдээллийн тахал буюу аюултай үзэгдэл ч газар авч байна.
Тэгвэл Америкийн халуун орны анагаах ухааны, эрүүл ахуйн сэтгүүл (ASTMH) –д дэлхийн улс орнуудад Ковид-19 өвчний тухай хуурамч, нотолгоогүй мэдээлэл хэр тархсан тухай эрдэм шинжилгээний материал нийтлэгджээ.
Социологичид, эмнэлгийн ажилтнууд, халдвар судлаачдаас бүрдсэн багийнхан вэб сайтууд, агентлагууд, acebook, Twitter зэрэг сүлжээ, мөн телевизийн сүлжээ, онлайн сонин зэрэг янз бүрийн эх сурвалжаас 2300 гаруй хуурамч мэдээлэл түүн авч анализ хийсэн байна. Ингээд цугларсан мэдээлэлд тулгуурлан Ковид-19 өвчинтэй холбоотой инфодемия нийгмийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа тухай газрын зураг гаргажээ.
Газрын зургаар бол өнгө нь илүү бараан байх тусам коронавирусийн тухай хуурамч мэдээлэл энд илүү их гарсан гэсэн үг.
Энэ газрын зургаас харахад АНУ, Энэтхэг, Их Британи, Хятад, Индонез, Испани улс хуурамч мэдээлэлд хамгийн ихээр өртсөн бол Швейцар, Ботсван, Швед, Шинэ Зеланд улс бага өртжээ.
Энэ дашрамд өгүүлэхэд Монгол Улс Ковид-19-ийн тухай нарийн чанд, үнэн бодит мэдээллтэй улс орны тоонд орж байна. Монгол Улсын газрын зургийг цайвар шараар тэмдэглэсэн нь монголчууд хуурамч мэдээллийг бий болгох, дэгдээхэд төдийлөн идэвхтэй оролцоогүй гэсэн үг юм.
Илүү гүн анализ хийхийн тулд мэдээллийг цуу яриа, хуйвалдааны онол, стигма буюу тамга дардас гэсэн ангилалд хуваажээ.
Эндээс харахад Монголд дардас болсон хуурамч мэдээлэл тархсан тухай нэг ч мэдээлэл алга байна. Хов жив, цуурхлаар дэгдсэн мэдээлэл нь хүнд болон нийгэмд сөрөг нөлөөтэй билээ.