Ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг цар тахал гарсантай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Тиймээс есдүгээр сарын 1-нд хичээлийн нээлт хийхгүй гэдгийг албаныхан онцолж буй.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид танхимаар судлах хичээлдээ бүрэн хамрагдана. Ингэхдээ 40 хүүхэдтэй анги байлаа гэхэд хоёр хуваагдаад, танхимын болон зай сургалтаар хичээлээ үзнэ. Эхний 20 хүүхэд хичээлийн нэгдүгээр цаг дээр 08.00-10.30 цаг хүртэл танхимаар хичээллэсэн бол дараагийн 20 хүүхэд 11.00-13.30 цаг хүртэл хичээллэнэ.
Мөн эцэг, эхчүүд эрсдэлтэй гэж үзэж байгаа бол хүүхдээ танхимын сургалтад хамруулахгүйгээр цахим сургалтад явуулж болно. Зайнаас хичээлээ судалж байгаагаа бататгаж, дүнгээ тавиулаад явах боломжтой гэдгийг БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэлсэн юм.
Тэрбээр энэ талаар мэдээлэл өгөхдөө “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид танхимаар судлах хичээлдээ бүрэн хамрагдана. Энд аль нэг хүүхдийг нь сонгох, хоцрох асуудал үүсэхгүй. Дэлхий нийтээр цар тахлын тархалт буурахгүй байна. Монгол Улсад тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдээс вирус илэрч, тоо нь нэмэгдсээр байна.
Бид ийм эрсдэлтэй нөхцөлд хичээл, сургуулийн үйл ажиллагааг өндөржүүлсэн бэлэн байдалд эхлүүлэх тухай ярьж байна. Нэг ангид хүүхэд хоорондоо 1-1.5 метр зайтай сууна. Энэ зайг барихад анги танхимын багтаамж боломж ямар байгаа билээ. Гэсэн хэдий ч нэг ангид 20-иос илүү хүүхэд суулгах боломжгүй.
Тиймээс танхимаар хичээллэх өдрийн тоо болон судлах хичээлийг хязгаартай байхаар зохицуулсан. Гэхдээ сум, баг, тосгон, хөдөө орон нутгийн сургуулиудад сурагч хоорондын зайг баримталж, танхимын сургалт хэвийн үргэлжилнэ.
Танхимын сургалтын цаг багассанаар хүүхдэд ирэх ачаалал ч буурна. Багш нарын хувьд долоо хоногт 19 цаг хичээл заадаг бол энэ цагийг тараан зохицуулалт хийж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бага ангид монгол, математикийн хичээл заалаа гэхэд хүн орчин, биеийн тамир, дуу хөгжим, иргэний ёс зүйн боловсрол зэрэг хичээлүүд зайны сургалтаар орно.
Тиймээс багшид цагийн ачаалал үүсэхгүй. Их, дээд сургууль, коллежийн оюутнуудад лекцийн танхимын багтаамжаас хамаарч, дээд тал нь 40 байж болно. Лаборатори, сенимарын хичээлүүдэд 20, 20-иороо хамрагдана. Салбар яамнаас хувийн сургуулиудад сургалтын төлбөрөө ингэж тогтоо гэх эрх мэдэл байхгүй. Тухайн хүүхдийн эцэг, эхтэй байгуулж байгаа гэрээгээрээ энэ асуудлаа зохицуулах боломжтой асуудал” гэдгийг хэлж байсан юм.