Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.08.17/
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 улсад Ковид-19 бүртгэгдэж, 21 сая 654 мянган хүн өвчилж, 775 мянган хүн эндсэн байна. Харин 14 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Дэлхийд 24 цагийн дотор 267 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн эндсэн бол Энэтхэгт 58 мянга, АНУ-д 54 мянга, Бразилд 22 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар бүртгэгдсэн улс юм.
ОХУ-д 24 цагийн дотор 4969 гаруй хүн шинээр халдвар авч, 68 хүн энджээ. БНХАУ-д 98 тохиолдол шинээр бүртгэгдсэний 22 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.
Япон, Солонгос улсад халдварын тохиолдол нэмэгдэв. Японд 1021 гаруй хүн халдвар авч, 10 хүн энджээ. Солонгос улсад 197 тохиолдол бүртгэгдэв. Итали улсад өвчлөл нэмэгдэж байгаа тул зарим газруудын үйл ажиллагааг хаажээ.
Манай улсад 3624 хүн тусгаарлалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 67 хүн эмчлүүлж байгаагаас нэг нь эрчимт эмчилгээний тасагт байна. Биеийн байдал нь хүндэвтэр байна.