УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн байна.
Тус шүүх хуралд улсын яллагчийн зүгээс шинжээч оролцуулах хүсэлтийг гаргасан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн улсын яллагчийн гаргасан хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан бөгөөд шүүх хурал үргэлжилж байна.
Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн байдаг.
Дээрх хүмүүсийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгасан байдаг.