ЗООНОЗЫН ХАЛДВАРТ ӨВЧИН (ЗХӨ)
ДЭМБ-аас халдварт өвчнийг шавж болоод бусад төрлийн дамжуулагчид амьсгалдаг агаар, уудаг ус, гишгэж буй газар шороогоор дамжин эсвэл шууд ба шууд бус хавьтлаар хүн ба амьтнаас хүний бие махбодод орж үүсгэдэг өвчнийг халдварт өвчин гэж тодорхойлсон байдаг. Орчин цагийн мал эмнэлгийн шинжлэх ухаанд мал, амьтны дунд халдварладаг 300 гаруй өвчин байдгаас 160 орчим нь мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозын халдварт өвчин юм.
Хүн төрөлхтөн тэртээ олон мянган жилийн өмнөөс зэрлэг ан амьтадтай харьцаж, тэдний заримыг нь гаршуулан хамтран амьдарч ирсэн. Тухайлбал саарал чоныг дасган тэжээх замаар нохойг гаршуулсан. Газар тариалан эрхэлж эхлэх цаг үед хонь, ямааг, сүүлд үхэр, гахайг гаршуулжээ. Тэмээ, адуу, илжгийг мөн нэлээд эрт гаршуулсан байдаг. Эдгээр гаршуулсан мал, амьтад түүхэнд олон хөгжил, дэвшил авчирсан боловч үүний зэрэгцээгээр хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй, улмаар үхэлд хүргэх аюултай олон төрлийн вирус, нянгийн гаралтай халдварт өвчинг дамжуулах гол хүчин зүйлс болж байна. Эдгээр өвчнийг зоонозын халдварт өвчин гэнэ.
Зоонозын халдварт өвчин гэдэг нь зэрлэг болон гаршуулсан амьтан, мал, бусад цус сорогч шавжаас хүнд халдварладаг халдварт өвчнийг хэлдэг.
Зоонозын халдварт өвчин нь дэлхийн өөр өөр бүс нутгуудын уур амьсгалын онцлог, тэдгээрийн байгаль дээр тархсан зэрлэг амьтдын төрөл зүйлийн олон янз байдлаас хамаарч өвчнийг тээгч, дамжуулагч нь ялгаатай байдаг. Жишээлбэл: Тарваган тахал өвчнийг гол агуулагч нь Монгол оронд тарвага, зурам, оготно болон эдгээр мэрэгчдийн арьс, үсэнд шимэгчилдэг бүүрэг, бөөс байдаг бол халуун бүсэд гол агуулагч нь харх байх жишээтэй. Мөн хумхаа, зика вирус, шар чичрэг зэрэг өвчнүүдийг гол дамжуулагч Aedes, Anopheles, Culex, Culiseta төрлийн шумуул нь Африк тивд тархалттай байдаг бол Монгол оронд тухайн шумуулын тархалтгүй байх ба манай улсын хилээр зөвхөн уг тивд зорчиж халдвар авсан хүний биеэр зөөрөглөгдөн орж ирэх боломжтой.
Зоонозын халдварт өвчнийг:
Вирусаар (шувууны томуу, галзуу, хачигт энцефалит г.м)
Нянгаар (тарваган тахал, боом, хулгана тахал, бруцеллёз г.м)
Мөөг, мөөгөнцрөөр (гистоплазмоз, асфергиллоз г.м)
Эгэл биетнээр (токсоплазмоз, гиардиаз г.м)
Шимэгчээр (уйлтанхайт бэтэг)
Риккетсээр (хачигт риккетсиоз) үүсгэгддэг өвчин гэж ангилдаг.
Эдгээр өвчин үүсгэгч нь хүний биед гэмтсэн арьс салстаар, хоол боловсруулах болон амьсгалын замаар, нэвтрэн орж, биеийн эд эрхтний тогтолцоонд нөлөөлж, улмаар үхэлд хүргэх аюултай.
ЗООНОЗЫН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ БАЙГАЛИЙН ГОЛОМТ
Аливаа өвчний байгалийн голомт гэдэг нь тодорхой газар нутагт орших өвчин үүсгэгч, түүний үндсэн агуулагчид (бүлээн цуст амьтад) ба дамжуулагчдын (завсрын эзэн болох үе хөлтөн) байгалийн бүлэглэл болно (Е.Н.Павловский, 1964).
Байгалийн голомт нь дараах гурвалын хам хэлхээнд оршдог
Үүнд:
Эх уурхай: Өвчин үүсгэгч, түүнээр бохирлогдсон эд зүйлс
Дамжуулагч: Гадны элементүүд (паразит үе хөлтөн, хөрс, ус г.м)
Агуулагч: Бүлээн цуст сээр нуруутан амьтад (мэрэгч, туулай хэлбэртэн, шувуу, араатан амьтад г.м)
Үүсгэгчийн төрлөөс шалтгаалж байгалийн голомт харилцан адилгүй байдаг.
Тарваган тахлын байгалийн голомт
17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Нийт нутаг, дэвсгэрийн 28.3%-ийг эзэлдэг.
Эх сурвалж: ЗӨСҮТ