[starbox]
Финлянд улс дунд сургуулийн боловсролын чанараараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд олон улсын чансаанд үргэлж дээгүүр байр эзэлдэг билээ. Тэгвэл тус улс өдгөө боловсролын системдээ шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Үүний хүрээнд төвийн хэсгүүдэд сургалтын программд уламжлалт хичээлүүд бус, тодорхой дадал зуршил, суралцагсдын чадавхи голчлон орох аж.
Энэ санааг нь хүмүүс нэг их дэмжихгүй байгаа бөгөөд сургуулийн боловсролын түвшин унана гэж эмээж байгаа гэнэ.
Финляндын өмнөд хэсэгт орших холын нэгэн тосгоны бүүдгэрхэн өглөө. Гэвч 12 настай сурагчид огт өөр зүйлд анхаарлаа хандуулсан байх аж. Энэ бол Эртний Ромын түүх юм.
Багш нь ангидаа Везувий галт уул дэлбэрч, Помпей хот хэрхэн мөхөж буй тухай бичлэг үзүүлнэ. Бичлэгийг ангийн интерактив дэлгэцээр харуулжээ.
Видео бичлэгийг үзүүлсний дараа сурагчид өөрсдийнхөө планшет компьютеруудыг гаргаж ирснээ бяцхан зохион бичлэг бичнэ. Тэдэнд Эртний Ромыг одоогийн Финлядын амьдралтай харьцуулах даалгавар өгчээ. Нэг бүлэг нь Ромын халуун уурны газрыг орчин үеийн амралтын газартай харьцуулж байхад нөгөө бүлэг нь Колизей ч орчин үеийн цэнгэлдэх хүрээлэнтэй жиших нь бий.
Үүнээс гадна ангид гурван хэмжээст принтер байх бөгөөд үүгээр сургуулийн сурагчид Ромын барилгын жижгэсгэсэн хувилбар гарган авна.
Түүхийн ийм интерактив хичээл нь уламжлалт хичээлээс эрс ялгаатай гэж Хаухо дахь нийтийн боловсролын сургуулийн багш Алексис Стенхолм хэлж байна. Хүүхдүүд соёл, харилцаа, шинжлэх ухааны арга хэрэгсэл, технологи зэргийг харьцуулан судлах дадал эзэмшинэ.
“Бүлэг бүр өөрсдийн салбартаа шинжээчид болон хувирч байгаа юм. Дараа нь тэдний судалгааны үр дүнг ангид танилцуулдаг” хэмээн багш нь тайлбарлаж байлаа.
Финляндын боловсролын шинэчлэл
Финлянд улс сүүлийн 20-иод жилийн турш дунд сургуулийн боловсролын чанараараа олон улсын чансаанд дээгүүр байр эзэлж байгаа юм. Тус улс боловсролын хамгийн шилдэг системтэй улс гэдгээрээ бахархдаг. Финляндын 15 настнууд уншлага, математик, шинжлэх ухаан зэрэг салбарт суралцагсдын боловсролын амжилтыг үнэлдэг PISA олон улсын хөтөлбөрт тогтмол хамгийн дээд оноог авдаг аж.
Финляндын сургуулиудын нэг давуу тал нь сурагчдыг сурахад амжилттай бэлтгэдэг. Долоон наснаас эхлэн сургуульд ордог бөгөөд эхний жилүүдэд хичээлийн цаг бага, амралт их, гэрийн даалгавар бага, шалгалт шүүлэг өгдөггүй гэдгээрээ дэлхий дахинд бага дунд боловсролын салбарын шинжээчдийг гайхшируулдаг.
Хэдийгээр боловсролын систем нь ийм амжилттай яваа хэдий ч Финлянд улс үүнийгээ байнга шинэчилж байдаг. Учир нь цифрийн эринд амьдарч байж ангид болон гэрт номын мэдлэгийг эзэмшүүлэх боломжгүй гэж тус улс үздэг аж.
2016 оны наймдугаар сард Финляндын бүх сургуульд интерактив сургалтын аргад шилжсэн. Ингэснээр суралцагчид өөрсдөдөө сонирхолтой сэдвийг сонгож, энэ сонголтынхоо үндсэн дээр сургалтын дамжаагаа бүрдүүлдэг байна. Хичээлээс гадуур, тухайлбал, музей, эрдэмтэд зэрэг эх сурвалж, шинэ техник хэрэгсэл ашиглах зэрэг нь шинэ системийн чухал хэсэг юм.
Сургалтын энэ загвар нь хүүхдүүдэд XXI зуунд шаардлагатай дадал зуршлыг олгох юм гэж Хельсинкийн их сургуулийн сурган хүмүүжүүлэх сэтгэл зүйн профессор Кирсти Лонка ярьж байна.
Эдгээр зуршлын дунд шүүмжлэлтэй сэтгэх, худал мэдээллийг таних, цахим сүлжээн дэх түрэмгийлэлтэй тэмцэх чадвар зэрэг нь чухал байр суурь эзэлдэг байна. Үүнд вирусын эсрэг программыг олж тогтоох, принтерт холбох зэрэг техникийн дадал, чадвар ч хамаардаг.
“Өмнө нь сургалтуудыг тодорхой хичээлүүдээр судалж, олон тооны баримт мэдээллийг тогтоолгодог байсан. Хэл зүй, арифметик гэх мэт. Үүн дээр нийгэм судлал гээд л нэмэгддэг байлаа. Гэтэл бодит амьдрал дээр бидний тархи огт өөрөөр ажилладаг шүү дээ. Бид тодорхой хичээлийг ангилж сэтгэдэггүй. Бидний сэтгэх үйл явц синтетик буюу бүхэллэг юм. Орчин үеийн ертөнцийн асуудлыг бодоод үзэхэд дэлхийн хямрал, цагаачлал, эдийн засаг зэрэг нь бид хүүхдүүдээ энэхүү олон соёлт шинэ ертөнцөд бэлтгээгүйтэй холбоотой” хэмээн Кристи Лонка ярьжээ.
Финлянд хэрхэн анги танхимын сургалтаас татгалзаж байна вэ?
Хаухо ерөнхий боловсролын сургууль ой, нуурын дэргэд, үзэсгэлэнт байгальд баригдсан, 7-15 насны 230 хүүхэд суралцдаг жижиг сургууль юм. Хүүхдүүд сургуульдаа орохдоо гутлаа тайлж, оймстойгоо явдаг бөгөөд сандлын оронд хийлсэн бөмбөг дээр сууна. Харин сургуулийн хонгилоор дасгал хийх савлуурууд байрлуулжээ.
Багш нар нь анги танхимдаа ухаалаг гар утас хэрэглэхийг эсэргүүцдэггүй. Тэд сурагчдаа шаардлагатай мэдээлэл хайхын тулд утас ашиглах нь хэрэгтэй гэж үздэг. Тус сургуулийн эрхлэгч Пекка Пааппанен сургалтын шинэ системийг маш ихээр дэмждэг. Тэрбээр “Бид багш нартайгаа янз бүрийн санаа бодож олж, дараа нь би тэдэнд хичээл явуулах газар, хуваарийг нь гаргаж өгдөг. Сургалтын шинэ системийн хүрээнд багш нар илүү их боломжийг олж харна гэж бодож байна. Би хуучны уламжлалт зарим зүйлээсээ татгалзаж байгаа. Гэхдээ бүгдээс нь татгазахыг яарахгүй байна. Бид алдаа хийх эрхгүй улсууд шүү дээ” хэмээн мэдэгджээ.
Энэ арга үр дүнтэй юу?
Гэхдээ багш нар бүгд сургалтын шинэ аргыг дуртайяа хүлээн авахгүй байна. Тухайлбал, физикийн багш Юсси Тануанпаа л гэхэд ийм аргаар олж эзэмшсэн мэдлэг дээд боловсрол эзэмших хэмжээний гүн бат байж чадахгүй гэж үзжээ.
Тэрбээр Лието хэмээх хотод физикийн хичээл заадаг. Түүний хэлснээр ахлах ангийн дээд тооны хичээлд бүртгүүлсэн хүүхдүүдийн 30 хувь нь доод түвшин рүүгээ шилжихээс өөр аргагүй болсон гэнэ.
Үүнээс гадна энэ арга нь чадварлаг болон чадвар сул сурагчдын хоорондох ялгааг нэмэгдүүлнэ гэж эмээж байна. Финляндад сурагчдын сурлагын ялгаа хамгийн бага түвшинд байдаг. “Сургалтын энэ загвар нь туршилтын явцад суралцах чадвартай хүүхдүүдэд маш сайн. Тэд сургалтын сэдвээ сонгох зэрэг чөлөөтэй бөгөөд болсон гэж үзвэл дараагийн шат руугаа амархан ахина. Харин тийм чадваргүй хүүхдүүдэд багшийн байнгын дэмжлэг хэрэг болно. Чадварлаг болон чадвар сул хүүхдүүдийн ялгаа нэмэгдэж байгаа үед энэ асуудал цаашид улам гүнзгийрнэ гэж бодож байна” хэмээн Юсси мэдэгджээ.
Үүнээс гадна сургалтын энэ арга багш нарын ачааллыг нэмэгдүүлж, настай багш нар компьютерийн мэдлэг тааруу учраас эвгүй байдалд орно гэсэн багш нар ч байна.
Финляндын сургуулиуд юугаараа ялгардаг вэ?
- Багшийн хөдөлмөрийг нийгэмд хүндэтгэдэг бөгөөд цалин ч сайн байдаг.
- Сургуульд шалгалт ирэх, багш нарыг шалгах асуудал байдаггүй.
- Сургуулийн боловсролын төвлөрсөн системтэй, ихэнх сургуулийг төсвөөс санхүүжүүлдэг.
- Хичээлийн цаг таван цагаас хэтэрдэггүй. Зуны амралт 10 долоо хоног үргэлжилдэг.
- Суралцагчдын үнэлгээг сургаж буй багш нь өгдөг. 18 хүрсэн, ахлах ангийнхнаас л цорын ганц улсын шалгалт авдаг.
- Нэг сургууль дунджаар 195 суралцагчтай. Нэг анги дунджаар 19 хүүхэдтэй.