Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Мэтью Восэныг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа талаар санал солилцлоо.
Монгол, Австралийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ихээхэн нөөц боломж байгаа гэж хоёр тал үзэж байна.
Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, Австралийн өндөр технологийг Монгол Улсад нэвтрүүлж экспортод чиглэсэн үйлдвэр байгуулах зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Өнөөдөр Австралийн хөрөнгө оруулалттай 50 гаруй аж ахуйн нэгж Монгол Улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд хоёр тал хамтран ажиллах болон хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан ашигтай байх зэрэг асуудлуудыг хөндлөө.
Шадар сайдын хэвлэлийн алба