Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзав.
БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн: “Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны үр өгөөж жилээс жилд нэмэгдэж буйд талархаж байна.
Номхон Далайн командлал хоорондын байгуулсан хүмүүнлэгийн тусламжийн харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд баригдан хүлээлгэн өгсөн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил, Ирээдүйн манлайлагчдын хөтөлбөр /FLEX/, Монгол Улсын иргэдийг АНУ-ын нэр хүнд бүхий сургуульд сургадаг Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Элчин сайдын үүрэг их байсан” хэмээв.
Мөн энэ үеэр Цэцэрлэг барих төслийг цаашид өргөжүүлэн хамтран ажиллах, багш солилцооны хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх, инноваци, энтрепренершипийг хөгжүүлэх чиглэлээр сургалт явуулах, улмаар АНУ-аас станрт-ап компани үүсгэн байгууламж амжилттай ажиллаж буй шилдэг залуу бизнесмен, манлайлагч нарыг Монголд урьж туршлага хуваалцах, инновацийн төслийн уралдаан зохион байгуулах зэрэгт хамтран ажиллах саналтай байна.
Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаа талууд илэрхийллээ.
Уулзалтын үр дүнд бүх шатны сургалтын байгууллагын англи хэлний багшийг чадавхжуулах, Фулбрайт хөтөлбөрийг өргөжүүлэн үргэлжлүүлэх, цэцэрлэгийн барилгын төслийг үргэлжлүүлэх, инновацийн гарааны компанийн чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал солилцлоо.