Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн наймдугаар сарын 4-нд Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх гурав дахь удаагийн виртуал хуралд оролцлоо. Уг виртуал хурлыг “Ковид-19 ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Монголын цагаар 20 цагт эхэлсэн.
Өмнөх хоёр удаагийн хурлыг 2020 оны 6,7 дугаар сард зохион байгуулж, дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөл байдлын үед улс орнуудын эдийн засаг, жендэрийн тэгш байдлын талаарх асуудлыг хөндөн хэлэлцсэн юм.
Энэ удаагийн хурлаар олон улсын эрдэмтэн судлаачид болон парламентын гишүүд Ковид-19 цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарц шийдлийг боловсруулахдаа байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг онцгойлон анхаарч, ногоон хөгжлийн бодлогыг баримтлах асуудлыг хэлэлцэн, санал солилцов.
“Ковид-19 ба уур амьсгалын өөрчлөлт” виртуал хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын одоогийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрбээр, “Монгол Улсын парламент, Засгийн газраас Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх оновчтой арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна. Ингэснээр дотооддоо халдвар тархаагүй цөөн улсын нэг байсаар байна. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх үүднээс шат дараалсан арга хэмжээг авч байна. Тухайлбал, өнгөрөгч оноос Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримталсны үр дүнд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Энэ онд 80 хувьд хүргэхээр ажиллаж байна.
Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, айл өрхүүдийг орон сууцаар хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого баримтлан ажиллаж байна” гэлээ.
Олон Улсын Парламентын Холбооны зүгээс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт нэгдсэн дэлхийн 197 орныг зорилтуудаа хэрэгжүүлэхийг уриалж, Ковид-19 цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулах төрийн бодлогод уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусган ажиллах хэрэгтэйг зөвлөв.
Тухайлбал, 2015 оноос хойш хүний үйл ажиллагаанаас шалтгаалан хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсэнээр дэлхийн дулаарал 2015 онд 2 градусаар нэмэгдсэн бол 2018 онд 1,5 градус болж буурчээ. Нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулахын тулд улс орон болгон цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, орон сууцны барилгуудын дулаан алдалтыг багасгах, дэлхийн дулаарлын эсрэг хууль тогтоомж батлан хэрэгжүүлж шаардлагатайг хуралд оролцогчид онцлоод парламентууд хэрхэн ажиллаж байгаа талаар ярилцаж, санал зөвлөмжөө солилцлоо.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс