Засгийн газрын ээлжит хуралдааны дараа 2020 оны төсөвт тодотгол хийх талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Тэрээр “Өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр 2020 оны нэгдсэн төсөвт хийх тодотголын талаар танилцууллаа. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг 5-6 хувиар унах судалгаа гарсан. Хэдий тийм байгаа ч 2021 онд дэлхийн эдийн засаг 5-7 хувиар өсөх, мөн манай экспортын гол түнш орон болох Хятадын эдийн засгийн өсөлттэй уялдуулан Монгол Улсын төсвийг тооцоолж байна. Ийнхүү өнөөгийн нөхцөл байдалд тохируулан төсвийн тодотголыг хийхдээ хэд хэдэн зарчим баримталсан.
-Ард иргэд, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэх
-Эрүүл мэндийн салбарт коронавирустэй холбоотойгоор ихээхэн дэмжлэг үзүүлнэ
-Экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авна
-Мөн дэлхийн улс орны адил цахим шилжилтийг хийнэ
-Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ хийж амжаагүй, тендер нь зарлагдаагүй газруудын зардлыг хасах шийдвэр гарсан. Ингэснээр 520 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гарган авч байгаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтаас энэ хэмжээний мөнгө хасагдаж байна гэсэн үг. Харин бүтээн байгуулалт нь хийгдэж буй газруудын ажил хэвийн үргэлжилнэ.
Мөн өмнө авч хэрэгжүүлсэн дэмжлэгийн чанартай арга хэмжээг 2020 он дуустал үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.
Үүнийг танилцуулбал,
1. Хүүхэд бүрт 100 мянган төгрөг сар бүр олгодог дэмжлэгийг он дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Энэхүү арга хэмжээг санхүүжүүлэхэд 312 тэрбум тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
2. Нийгмийн халамжаас мөнгө авдаг тэтгэмжийг 100 мянгаар нэмэгдүүлсэн арга хэмжээг 2020 он дуустал үргэлжлүүлнэ.
3. Амьжиргааны төвшин, амьдралын нөхцөл боломж тааруу байгаа иргэдэд олгож буй хүнсний талоны тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээг он дуустал олгоно.
4. Байнгын асаргаа шаардагддаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг 100 болгосныг мөн он дуустал үргэлжлүүлнэ.
5. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэн байсан. Тэгвэл үүнийг он дуустал ажил олгогч нь тав, даатгуулагч нь тав хувь байхаар тогтоолоо.
6. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош байдаг аж ахуй нэгжээс он дуустал албан татвар авахгүй.
7. Түрээсийн орлогоо бууруулсан аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг он дуустал бууруулна.
8. Эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг зүйлсийн гаалийн татварыг хөнгөлөх арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй
“Гадаадын улс орнуудын өгсөн зээл, авсан тусламжийг зориулалтын бус зүйлд зарцуулах ямар ч боломжгүй. Гадаадын зээл, тусламжийг төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилт гэсэн хоёр хэлбэрээр зарцуулдаг” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Монгол Улс төсвийн дэмжлэг хэлбэрээр 300 гаруй сая ам.долларын санхүүжилт авсан байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангаас тус бүр 100 орчим сая ам.доллар орж иржээ. Төсвийн санхүүжилт хэлбэрээр авсан хөрөнгийг тухайлбал Налайхын автозам, Төв цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байна. “Тухайн улс орон, банк, санхүүгийн байгууллага өөрсдийн өгсөн зээл, тусламжийн зарцуулалтад хатуу хяналт тавьж ажилладаг” гэж сайд Ч.Хүрэлбаатар хэлэв.
“Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав.
Үүнтэй холбогдуулан:
– БНХАУ-ын талын хяналт тогтоосон бүсэд жолоочийн хоноглох байр, тусгаарлах бэлтгэл ажил хангагдсан эсэхийг албан шугамаар тодруулах
– Олон улсын “С” зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдийн нэрсийг БНХАУ-ын хилийн боомт байрладаг аймгийн дарга нарт хүргүүлэх
– Хилийн боомтод нуклейн хүчлийн түргэвчилсэн оношилгоо хийх, эсвэл хилийн цаана хийх нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай харилцан тохиролцох
– Газрын тосны экспортын тээвэрлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндсэн зургаан бүлэгтэй байна
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэл, сайд нар, УИХ-д суудалтай нам, эвсэл, бие даагч, нутгийн захиргааны байгууллага, олон нийтийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын саналыг авч эцэслэн боловсруулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав. Үйл ажиллагааны хөтөлбөр КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Хүний хөгжил, Эдийн засгийн, Засаглалын, Ногоон хөгжлийн, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн гэсэн үндсэн зургаан бүлэг, дэд зорилтуудаас бүрдэх юм.
Цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэлт хийнэ
Нийслэлийн автозам, нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.
Цаашид:
– Автозамын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг жил бүр улсын төсөвт үе шаттай тусгах
– 22 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэлт хийх
– Парк шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах
– Нийтийн тээврийн зориулалтаар импортоор оруулж ирэх стандартын шаардлага хангасан том оврын автобус, троллейбусыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж танилцуулахыг холбогдох сайд, дарга нарт даалгав.
Автозам: 2020-2025 онд нийслэл хотод 240 км, 2025-2030 онд 244 км автозам тавихаар мастер төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. Долоодугаар сард орсон усархаг борооны улмаас төвийн зургаан дүүргийн 34 газарт 69 км зам их хэмжээгээр эвдэрчээ. Засварт 70 тэрбум, борооны ус зайлуулах шугам шинээр барихад 173 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.
Нийтийн тээвэр: 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр, 17 аж ахуйн нэгж, байгууллагын тов оврын 949 автобус, троллейбус өдөрт 500-600 мянган хүнд үйлчилдэг. 12 жил болсон тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог бөгөөд энэ онд 133 автобус, 2021 онд 531, 2022 онд 121, 2023 онд 151, 2024 онд 60 автобус үйлчилгээнээс хасагдахаар байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.