Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор усанд осолдож, амиа алдах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, өчигдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Буянт голын усанд гурван настай хүүхэд осолдсон харамсалтай хэрэг гарчээ.
Ослын тухай дуудлагын дагуу наймдугаар сарын 4-ний өдрийн 16:43 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид осол болсон газраас таван километрийн зайд усны мандал дээр хөвж байсан гурван настай Е-ийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.
Мөн тухайн өдөр 18:50 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний доор 38 настай иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан байна.
Тус дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулсаар байгаа аж.
Наймдугаар сарын 3-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хар-Усны дохио гэдэг газар малчин А, туслах малчин 26 настай Б-гийн хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Пробокс” загварын суудлын автомашинтай Хурхын голд шаварт суугаад гарч чадахгүй унтжээ.
Ингээд наймдугаар сарын 4-ний өдөр 04:00 цагийн орчимд машинд Б байхгүй байсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Хурхын голоос иргэн Б-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
- Цаг уурын байгууллага болон Онцгой байдлын байгууллагаас гаргаж байгаа мэдээ, сэрэмжлүүлгийг анхаарч дагаж мөрдөх;
- Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ аюулгүй байдлаа хангах;
- Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;
- Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчих;
- Стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй байх (ялангуяа бага насны хүүхэд);
- Хөдөө хээр амарч зугаалж явахдаа ангийн мах (тарваганы мах), баталгаагүй хүнс, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;
- Аялал зугаалгаар зорчиж буй иргэд болон хол замд явах, малд явах үедээ харилцаа холбооны хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хэдийд хаана яваа талаараа ар гэртэйгээ байнга холбоотой байх, гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг анхааруулж байна.
Онцгой байдлын ерөнхий газар