96 настай Жузеппе Патерно хэмээх итали өвөө Палермогийн их сургуулийн түүх, гүн ухааны факультетийн энэ жилийн шилдэг төгсөгч болжээ. Сицилийн ядуу гэр бүлээс гаралтай тэрбээр залуу насандаа боловсрол эзэмшиж чадаагүй ч тэтгэвэрт гарсан хойноо мөрөөдлөө биелүүлжээ.
Жузеппе нь их хямралын өмнөх он жилүүдэд ядуу айлын гэр бүлд төрсөн юм. Хүүхэд байхдаа бага сургуулиа л дүүргэж, дараа нь цэргийн далайчин болж, Дэлхийн хоёрдугаар дайны үед фронт руу явсан байна. Фронтоос эргэж ирээд төмөр замд ажиллаж эхэлжээ. Учир нь тэрбээр эхнэр, хоёр хүүхдээ тэжээхийн тулд ажил хийхээс өөр арга байсангүй. Гэсэн хэдий ч Жузеппе 31 насандаа дунд сургуулиа дүүргэсэн байна. 1984 онд тэтгэвэрт гармагцаа ээжээс нь өвлөгдөн ирсэн бичгийн машин дээрээ өөрийнхөө ажил болон эссе бичдэг болжээ.
Төмөр замчин байсан тэрбээр 2017 онд гэнэт зориг шулуудан их сургуульд орохоор болсон байна. Гурван жил сурна гэдэг бас чанга, нэлээд хожимдсон мэт санагдсан ч тэрбээр “Одоо л биш бол хэзээ ч үгүй. Чадах эсэхээ үзье” гээд л сурч эхэлжээ.
Оюутан өвөө бүх улиралд онц дүнтэй шалгалтаа өгч, ангийнхантайгаа ч үдэшлэгт оролцолгүй, ухаалаг гар утас, компьютерээс илүүтэй хэвлэмэл ном зохиол судалж өнгөрөөжээ.
Дипломоо гардан авахаас хэдхэн хоногийн өмнө Жузеппе Санта-Мария-деи-Ротоли оршуулгын газарт байдаг, 2006 онд нас барсан гэргийнхээ чандрыг хүртэл эргэсэн байна. Диплом гардуулах энэ өдөр өөрөөс нь 70 насаар дүү ангийнхныхаа алга ташилт дор дээд боловсролын баримтаа гардан авчээ. Түүнээс ийм өндөр насандаа их сургуулиа дүүргээд ямар санагдаж байна вэ гэж асуухад “Би бусад шиг л жирийн хүн…” гэжээ.
96 настай бакалаврын зэрэгтэй өвөө үүгээр зогсох бодолгүй байна. Бие нь сул байгаагаас болоод гэрээсээ бараг гарахаа больсон ч тэрбээр эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлэхээр зорьж байгаа гэжээ.
Эх сурвалж: iz.ru
1 comment
goe shdee chadahiig hyssen hench hedench nasandaa iim bolomjiig ashigladag baival oort ni ih zov setgegdel taashaal bolj baigaa ….asramjiin gazar ochihgui saihan jishee tarhia ajilluulaad