“Төрийн банк”-нд удирдах албан тушаал хашиж байсан хүмүүст холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус банкны ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан, гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, Зээлийн ерөнхий хорооны гишүүн Ц.Энхтунгалаг, Ж.Бурмаа, Л.Чинбат, Г.Тогтохбаатар, БНХАУ-ын иргэн Сун Гуан Чин нарын есөн хүний өмгөөлөгч нар тус шүүхэд гомдол гаргасан аж.
Д.Баярсайхан нь 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компани, түүний захирал ажилтай Сун Гуан Чинд 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон. Эргэн төлөгдөх хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан ч тус компани зээлээ төлөөгүй. Уг зээлийг олгохдоо Д.Баярсайхан Банкны тухай болон өөр нэг бус хууль зөрчсөн гэж буруутгасан. Мөн “Төрийн банк”-нд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэндсүрэн, тэргүүн дэд захирал асан Д.Ганбаатар нарыг 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдэл албан тушаалаа урвуулж, 98 000 ам.долларын хахууль авч, тавилга, бусад эд зүйл хувьдаа авсан хэрэгт холбогдуулсан билээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уг хэргийг хэлэлцээд “Төрийн банк”-ны захирал Д.Баярсайханыг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасан, хоёр жил хорих ял оноов. Харин тус банкнаас зээл авсан “Шинжан шинфан” ХХК-ийн захирал Сун Гуан Чинийг мөн хугацаагаар хорихоор болсон юм.
Зээлийн ерөнхий хорооны гишүүн Г.Тогтохбаатарт нэг жил зургаан сар хорих ял оноосноос гадна нийтийн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жил хассан байна. Мөн хорооны гишүүн Л.Чинбат, тэргүүн дэд захирал Д.Ганбаатар нарыг 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 2-4 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэсэн юм. Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж байхдаа сайд З.Баянсэлэнгийнхээ хэрэгт холбогдсон, “Төрийн банк”-ны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэнд хахууль өгсөн М.Болортуяаг 120 сая төгрөгөөр торгохоор болсон бол Зээлийн ерөнхий хорооны гишүүн Ц.Энхтунгалагт нэг жил зургаан сар хорих ял оноосон ч уг шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан билээ. Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх М.Болортуяад анхан шатны шүүхээс оноосон 120 сая төгрөгөөр торгох ялыг 20 сая болгож хөнгөрүүлэн зүйлчлээд бусдынх нь шийтгэлийг хэвээр үлдээсэн юм. Улсын дээд шүүхээс Г.Тогтохбаатарт ногдуулсан хорих ялыг 10 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгчид шийтгэл оноосон тогтоол, магадлалыг хэвээр нь үлдээв.
Б.Ирээдүй