Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ
“Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас монгол улсын эрүүл мэндийн салбарт нэг сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Үүн дээр нэмээд 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг ази номхон далайн гамшгаас хамгаалах сангаас нэмэлтээр олгохоор болсон тухай суурин төлөөлөгч Павит Рамачандран дуулгалаа. Мөн монгол улсын засгийн газарт үзүүлэхээр төлөвлөсөн төсвийн нэмэлт дэмжлэгийн хүрээнд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанууд тусгагдана гэдгийг хэлсэн юм. Монгол улсын засгийн газар болон АХБ-ны хамтарсан эрүүл мэндийн салбарын 4-р төслийн хүрээнд СХД-т баригдсан жишиг эмнэлгийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт болон боловсон хүчнийг дадлагажуулах асуудлыг аль болох түргэвчилж эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах талаар анхаарч ажиллана гэлээ. Мөн эрүүл мэндийн салбарын 6-р төслийг удахгүй хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ төслийн хүрээнд зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй аймаг орон нутагт эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын барилгыг барих зэрэг Монгол улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чухал төсөл болно гэж харж байгааг онцолсон юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Суурин төлөөлөгч Павит Рамачандранд хариу талархал илэрхийлж, АХБ-ны Монгол улсад хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтууд цаг үеэ олсон, зөв зүйтэй төслүүд гэдгийг хэллээ. Ялангуяа лавлагаа шатлалын болон аймаг дүүргийн эмнэлгүүдэд ариутгалын нэгдсэн цогц тасгийг байгуулж байгаа нь туйлын ач холбогдолтой, үр өгөөжтэй ажил болохыг онцоллоо. Удахгүй ашиглалтад орох СХД-ийн жишиг эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхдээ зөв зохион байгуулалттай, зөв төлөвлөгөө, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллах талаар лавлагаа шатлалын эмнэлгүүдийн удирдлагуудтай ярилцаж тодорхой шийдлүүдийг гаргасан талаар дуулгасан юм. Мөн цаашид шинээр байгуулагдаж байгаа эмнэлгүүдийн ашиглалтыг зөв чиглэлийн дагуу хөгжүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах бодлогыг баримтална гэдгийг хэлж байсан юм.
Манай улсын хувьд өргөн уудам нутагт хүн ам нь тархмал суурьшилтай амьдардаг онцлогоос хамаарч яаралтай тусламжийн хоцрогдол үүсэх асуудал гардаг. АХБ-тай хамтарсан төслийн хүрээнд дээрх асуудлыг цогцоор нь өөрчлөх боломж бүрдэж, яаралтай тусламжийн нэгдсэн системтэй болно гэж итгэж байгаагаа илэрхийлсэн юм.