Саажилт өвчний улмаас өлмийгөөрөө гишгэж муухан явдаг ч хурдан эдгэрч сайн сагсчин, хүчтэй бөх болно хэмээнмөрөөддөг. Эрүүл болгож өгөөрэй гэж бурхандаа залбирдаг. Бусад хүүхэд шиг гүйж харайж, тоглохыг хүсдэг дөрвөн настай бяцхан хүү Т.Түшиг ээжийнхээ хамт манай редакцид хандсан юм.
Хүүгийн хөл саажилттай, Монголд эмчлэх боломжгүй гэж оношилжээ. Харин Гэмтэл согог сэргээн засах үндэснийтөвд ирж ажилласан Францын эмч нар хүүг өөрийн улсад хагалгаанд оруулж эмчлэх боломжтой гэсэн байна.
Энэ дагуу Францын Nesker-Enfants malades эмнэлэгт материалаа явуулахад хагалгааны зардал монгол мөнгөөр 179 сая төгрөг болно, 100 хувь эдгэрнэ гэсэн хариу ирүүлжээ. Нөхөр нь төрийн албанд ажиллаж гэр бүлээ тэжээдэг, эхнэр нь өвчтэй хүүгээ асарч гэртээ суудаг залуу гэр бүлд ийм хэмжээний мөнгө байхгүй. Иймд олон нийтэд хандаж байгаа юм байна. Хүүгийн ээж Д.Цэвээндарьтай ярилцлаа.
–Хүү чинь хэдэн настай вэ. Өвчний онош юу гэж гарсан бэ?
-Хүү Түшиг маань дөрвөн нас зургаан сартай. Монголд ДЦБ буюу доод үе мөчний саажилт гэж оношлогдсон. Эмч нар сэргээн засах эмчилгээнд явахад алхдаг болно гэсэн юм. 2016 оны долдугаар сард ГССҮТ-д Засгийн газрын шугамаар Францын эмч нар ирж хүүхдүүдэд үзлэг хийхэд үзүүлсэн.
Хүү маань өлмийгөөрөө гишгэж явдаг. Бүтэнулаараа хэзээ гишгэдэг болох бол, цэцэрлэгт оруулах хүсэлтэй байна гээд биеийнх нь байдлыг үзүүлсэн. Саажилттай байна, гэхдээ тархи, толгойд нөлөөгүй, харин нурууны мэдрэлийн судас хатуурч татсанаас өлмий дээрэ явж байна.
Энгийн үгээр хэлбэл, татсан судсыг хэсэгчилж таслах мэс засал хийснээр 100 хувь эрүүл болно. Дөрвөн насан дотроо багтаж хагалгаанд орох шаардлагатай. Таван нас хүрсэн тохиолдолд хагалгаа хийлгэх шаардлагагүй, үр дүнгүй гэсэн. Франц эмч одоо Монголд ирээд байгаа. “Танай хүүхдэд дөрвөн сарын зай байна” гэсэн хариуг дөрөв хоногийн өмнө авлаа. Өнгөрсөн жилээс хүүгээ эмчлүүлэхээр янз бүрийн ажил хийж, мөнгө цуглуулсан.
Гэвч зардлын талд нь ч хүрэхгүйн дээр хугацаа тулчихлаа. Иймд ард түмэндээ, сайхан сэтгэлт хүмүүстхандахаар танай сониныг зорьж ирлээ.
– Францын эмнэлэгт хийх мэс засал, эмчилгээ ямар байдлаар явагдах талаар мэдээлэл байна уу?
-Эмчилгээ хоёр шаттай. Эхнийх нь мэс засалд оруулах, дараагийнх нь хагалгааг үр дүнтэй болгохын тулд гурван сарын хугацаатай нөхөн сэргээх эмчилгээ хийх ёстой гэсэн. Хагалгаа, эмчилгээг хийх Nesker-Enfants malades эмнэлэг болон эмч нар нь дэлхийд нэртэй, хүүхдийн чиглэлээр нэг номерт бичигддэг эмнэлэг.
Эхний зардал нь 21.113 евро буюу монгол мөнгөөр 54 сая төгрөг. Үүний дараах нөхөн сэргээх гурван сарын эмчилгээний зардал 46.530 евро, монгол мөнгөөр 100 гаруй сая төгрөг, нийлээд 179 сая 240 мянган төгрөг болж байгаа. Дээр нь замын зардал, виз, Францад гурван сар байрлах байр гээд зардал өндөр гарахаар байна. Ядаж эхний ээлжинд эмчилгээний зардлаа бүрдүүлээд яаралтай явах юм сан гээд хөөцөлдөөд явж байна.
–Танай нөхөр болон өөрөө ямар мэргэжилтэй вэ. Хаана ажиллаж байна?
-Манай нөхрийг Б.Тулга гэдэг. Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн инженер. БГД-ийн ОСНААҮГ-ын есдүгээр төвд инженерээр ажилладаг. Би ХААИС-ийг хүнсний эрүүл ахуйч мэргэжлээр төгссөн. Одоогоор хүүгээ хараад гэртээ сууж байгаа. Манайх жил дараалж төрсөн хоёр хүүхэдтэй. Том охин Хүслэн 5 настай. Хүү маань 4 нас 6 сартай.
Ээж нь хүүгээ хагалгаанд оруулахад ердөө дөрөвхөн сарын хугацаа үлдсэнд ийнхүү сэтгэл зовнин ярьж байна. Гүйж харайхдаа муу, хурдан явахаар түрүүлгээ хараад ойччихдог ч гэлээ Т.Түшиг хүү сэргэлэн цовоо юм. Тэрээр “Би бусад хүүхэд шиг хөлөө тэгшхэн тавьж гоё явж чаддаггүй.
Гэхдээ л юман дээр авирч чадна. Хөлөө эмчлүүлж гүйж харайж чаддаг болохыг маш их хүсч байна. Хөл минь зүгээр болчихвол аварга бөх болохыг хүсдэг, би сүмосонирхдог, бас сагс тоглох сон гэж боддог. Гүйж харайж чаддаг болохоороо эгчтэйгээ тоглож, аав, ээждээ туслахсан.Бас цэцэрлэг, сургуульд орж, олон найзтай болох юм сан.
Би хөлөө эмчлүүлж гүйж харайж чаддаг болчихвол мундаг сүмоч болно гээд гэртээ төмөр өргөж дасгал хийж байгаа. Манай гэрт бурхан бий. Би миний хөлийг гоё болгоход аав, ээж хоёрыгоо, бас сайн хүмүүсийг туслаасай гээд орой бүхэн бурхандаа залбирч байгаа” хэмээн мөрөөдлөө хэлж байна.
Сайхан сэтгэл унтдаггүй. Сэтгэл зүрх нь нинж, хайр, халуун дулаанаар дүүрэн байдаг элэг нэгт монголчуудаа бяцхан хүү Т.Түшигт туслаарай, өгөөмөр гараа сунгаарай гэж уриалъя. Спортын аваргууд шиг амжилт гаргахыг мөрөөдөж яваа түүнд спортын одод, зүтгэлтнүүдийг туслаарай гэж уриальъя. Д.Дагвадорж аваргад дамжуулъя. Монгол минь элэг бүтэн, хүүхэд бүхэн инээж байг.
Т.ТҮШИГ ХҮҮД ТУСЛАХЫГ ХҮСВЭЛ:
Хүүгийн ээж Д.Цээвээндарийн нэр дээрх Хаан банкны 5030564534 тоот данс, 88056308, 99155024 дугаарынутсанд хандаарай.
Эх сурвалж: Ч.ҮЛ-ОЛДОХ