“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ албан ёсны зорилго нь “Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн –Эрүүл-Эко ногоон цэцэрлэгт хүрээлэнг байгуулах” явдал. Гэвч зорилго, бодит байдал хоёр алд дэлэм зөрүүтэй гэдэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үүдээр ороход л илхэн байх юм. Жилийн дөрвөн улиралд дөрвөлжин хананаас уйдсан хүмүүс улсдаа хоёрхон байх Хүүхдийн парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьдог.

Өвөлдөө алхах дасгал хийх, гүйх гэж зун, намартаа моддын үнэрт амарч, зугаалах гэж хэрэг болгон зорьж очдог. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн парк руу ихэвчлэн хүүхдээ тоглуулах гэсэн эцэг эхчүүд л зорьж очдог нь. Тэгээд ч үүднээсээ эхлээд л татвар авдаг паркаар дунджаас доогуур амьдралтай иргэд үйлчлүүлдэггүй нь худлаа биш.

Тиймээс “эрүүл, эко” гэсэн тодотгол өмнөө зүүсэн Цэцэрлэгт хүрээлэнг оройн цагаар нийслэлийн иргэдийн олонх нь зорьж очдог гэхэд дэгсдүүлсэн болохгүй биз ээ. Дугуй унах, дасгал хөдөлгөөн хийх, амарч суух, үр хүүхдээ тоглуулах гэж бид тэр газрыг зорин очдог. Замын түгжрэл, утаа униар, төв цэвэрлэхийн өмхий үнэрээс зугтсандаа л амралтын хоёр өдрөө хэрэг болгон зүглэдэг билээ.

Харамсалтай нь энэ газар “Эко цэцэрлэгт хүрээлэн” гэдэг нэрээсээ тэс өөр болчхоод байна. Өдөр ирэх тусам л өнгө үзэмжээ алдаж, хатуухан хэлэхэд хар зах шиг болчихлоо. Уншигч та үүнийг уншаад арай ч худлаа биз хэмээн бодож мэдэх. Гэхдээ хэрэг болгон дайраад гараарай. Ер нь ч амралтын өдрөөр тийшээ зүглэж, замын бөглөрөл түгжрэлд хонохыг хүсээгүй л бол хамгийн том газар нутгийг эзэлчихсэн “хар зах”-ыг зорихын хэрэггүй хэмээн зөвлөх байна. Анх энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад өдгөө УИХ-ын гишүүнээр сууж буй Б.Саранчимэг гэх бүсгүй захирлаар нь томилогдон ажиллаж байлаа.

Байгаль орчин, ногоон хөгжлийн талаар ном хүртэл бичиж байсан тэрбээр юу ч байхгүй цулгуй газарт цэцэрлэгт хүрээлэн босгож чадсан гавьяатай. Жил бүхэн л ногоон байгууламжийг нэмэгдүүлж, дугуйн замтай, амарч тоглох газартай тун ч аятайхан болгож өгсөн. Гэвч улс төрийн томилгоо улсдаа ганцхан байх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргад хүртэл нөлөөлж МАХН, МАН, АН ээлжлэн хүмүүсээ томилж эхэлсэн юм. Хамгийн сүүлд энэ газрын захирлаар Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуугийн охин, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн С.Эрдэнэтуул томилогджээ.

Гэтэл бизнес сэтгэлгээтэй аавын шийрийг хатаасан бүсгүй эрүүл, эко гэх тодотголтой, иргэдийн зорьж очин үр хүүхэдтэйгээ амарч зугаалдаг газрыг маань аавынх нь удирддаг “Нарантуул” зах шиг болгож орхижээ. Ногоон байгууламжийн утга учир бүр мөсөн алдагдаж “нийтийн худалдааны гудамж” тэнд бий болчхоод байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үүдээр ороход л юуных нь үл мэдэгдэх махны эхүүн үнэр, шорлогын гашуун утаа үнэртэж эхэлнэ.

Цаашлаад, элдэв янзын эрээн мяраан тоглоом пиг өрчихсөн хүмүүс нялх балчир үрсийн минь сэтгэхүйгээр харин ч нэг наадаж өгнө дөө. “Аавдаа хэлээд авч тоглоорой. Үр хүүхэдтэй хайртай л бол авч өгөх л хэрэгтэй дээ” гэх мэтээр олны дунд орилохоо ч мартахгүй. Хуушуур нэртэй таван ширхэг махтай шарсан гурилын газрууд ч тэнд үй олноороо үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эрүүл ахуйн хяналт, хүнсний аюулгүй байдлын талаар ярих ч юм биш. Жилээс жилд улам л эмх замбараагаа алдаж буй энэ газарт ямар ч хяналт, хариуцлага гэж алга. Дугуйтай хүүхдүүд нялх балчир үрсийг маань дайрчих шахаад л өнгөрнө.

Ролик, скийт унасан хүүхдүүд халуун шорлогын цог руу нь уначих шахам л давхиад өнгөрч байх юм. Хятадаас оруулж ирсэн хүүхдийн түрдэг машиныг ямар ч жолоодлогогүй унаж буй хүүхдүүддээ анхаарал хандуулдаг эцэг эх ч гэж алга. Ерөөс Цэцэрлэгт хүрээлэнгийн голд байгаа усан оргилуурыг тойроод л бүх төрлийн үйлчилгээ явагдаж байх юм. Явган хүмүүстэй дугуйтай хүүхдүүд мөргөлдөнө, хажуугаар нь бизнес хийж буй иргэдийн машины түрээс зах замбараагаа алдчихсан. Гэтэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбай нь асар том.

Үнэхээр л хуушуур, шорлог байх ёстой гэж үзэж байгаа бол аль нэг буланд нь үйл ажиллагаа явуулж яагаад болохгүй гэж. Хэсэгхэн газарт хоолны буфетуудаа байрлуулаад, иргэд хоол идмээр бол тэр газар руугаа оччихож болно. Ус ундаа, чихэр жимс зардаг газрыг ч мөн өөр нэг буланд хэсэгхэн газарт шийдчихэж болно. Ингэснээр усан оргилуурын орчимд иргэд өөрийн дураар амарч, үр хүүхдээ тэрэгтэй нь түрээд явахад аюулгүй болох учиртай.

Мөн унадаг дугуйг зориулалтын талбайд нь унуулахад буруудах юу байх билээ. Хүүхдийн машин, жижиг дугуй, ролик, скийт унах газрыг ч мөн л хэсэгхэн талбай гаргаж өгөөд шийдчихэж болно. Гэх мэтээр сэтгэл байвал шийдэл хангалттай их бий. Харамсалтай нь энэ газарт эзэн байдаг эсэх нь ч эргэлзээтэй болчхоод буй. Ойрын хэдэн өдөр тэнд хөл толгой нь алдсан үйл ажиллагаа болж байгаа аж.

“Аз жаргалын хотхон” гэсэн гоё нэр өгчхөөд бараа бүтээгдэхүүн зарсан лангуугаар Цэцэрлэгт хүрээлэнг дүүргэж орхижээ. Төв талбайд зассан индэр дээр ганц нэгхэн уралдаан, дуу шүлэг зохиохоос өөрөөр үзэж харах зүйл тэнд түй ч алга. Эсрэгээрээ хэншүү хярвас үнэртсэн хоолны асар, хугацаа нь дууссан, дуусаагүйг үл мэдэх чихэр, жимсний лангуу пиг дүүрчихээд байгаа юм. Үүнийг нь “Алтан жолоо” групп ивээн тэтгэж байгаа гэнэ лээ. Хажууханд нь Нарантуул, Дүнжингарав гэсэн хоёр том зах үйл ажиллагаа явуулж байхад, дахиад нэг хар зах нэмэх хэрэг байгаа юм уу, Хотын дарга аа.

Нийслэлээс томилогдсон С.Эрдэнэтуул захирал та энэ талаар анхаарч үзээч. Хотын минь өнгө үзэмжийг нэмж буй Цэцэрлэгт хүрээлэнг минь зүгээр орхиоч гэж хүсье. Энэ газрыг тойроод баригдаж буй маш олон барилга эрүүл ногоон орчинд гэсэн тодотголтой зарагддаг. Метр квадратынх нь үнэ хамгийн багадаа 3.5 сая байдаг. Сайхан рекламд хууртаж байр авсан иргэд өдгөө үсээ зулгааж, үгээ хэлж байна. Гэртээ эрт харина гэдэг бараг л биелэх боломжгүй мөрөөдөл. Битүү түгжрэл, жолооч нарын хараал ерөөл.

Шөнө дөл хүртэл зогсоолоо булаалдаж сигналдсан машины чимээ, хуушуур, шорлогны хэншүү, хярвас нээлттэй цонхоор нь дуулдаж, үнэртэж байгаа нь худлаа биш. Юуных нь эрүүл, эко, ногоон орчин байх билээ. Автомашины зогсоолоо олигтой шийдэж чадаагүй учраас ойр орчмынх нь барилга байшингийн зогсоол тэр чигээрээ машинаар дүүрчихсэн. Дэлхийн хамгийн шилдэг Цэцэрлэгт хүрээлэн байгуулах бидний мөрөөдөл лөөлөө болж, эсрэгээрээ амьжиргаа ядуухан иргэдийн хоолоо олж иддэг нэг газар нэмэгдчихлээ. Маша, баавгайн хувцсыг сэглэж орхисон залуус нялх үрсийн минь тархийг угааж зураг татуулж мөнгө хийнэ.

Цагираг болгоны тоогоор 1,000 төгрөг аваарай, зургаа хамт авхуулаарай, хуушуур аваарай, унадаг дугуйгаа унаарай, ролик түрээслүүлнэ гэх мэтээр эгээ л хотын буйдхан хэсэгт байрлах зээлийн гудамж руу орчихсон аятай дүр зураг угтдаг болоод удаж буйг С.Эрдэнэтуул та эрхбиш харж, сонсож байгаа гэж найдъя.

Үзээгүй, хараагүй бол өөрийнхөө удирддаг байгууллагын үүдээр хэрэг болгон нэг үдэш явж үзээрэй. Дээдсийн ордог газар биш ч борчууд бидэнд болоод л байдаг юм. Хэдхэн сая монголчуудынхаа эрх ашгийг бодохгүй юм гэхэд тэрбумаар боссон хөшөө дурсгалаа хамгаалаач, захирал аа. Монголд хар зах, худалдаа наймааны төв дэндүү олон байна. Харин амгалан тайван амарч зугаалах Цэцэрлэгт хүрээлэн ус агаар шиг хэрэгтэй байна.

Эх сурвалж Монголын мэдээ

By updown.mn

Мэдээний админ

2 thoughts on “Дэлхийн шилдэг цэцэрлэгт хүрээлэнтэй болох мөрөөдөл маань лөөлөө болжээ”
  1. Yag unen.Saranchimeg l ene gazriig odoogiinh shig ni bolgohiin tuluu setgel zutgeleer ajillaj bj udii dainii bolgosonshdee.Saranchimegees hoish oligtoi yu hiigdsiin.Urdnii shn urgadag bsn zuleg nogoo ni hataj sharlaj orkuudiin huld talhluulj,amraltiin uduruur bol tuv hesgeer ni taivan ch alhachih zaigui baahan yanz yanziin togloom tureeslegchdiin mashin teregiig unasan huuhed bagachuud huld dairagdachih gd,tgd ter turniuk,morinii tolgoiruu tsagirag shiddeg,sagsnii shiid,shaar hagaldag dartas,shorlog morlog bol tsogtsooroo yag har zahaa,er ni bol har zah deer ch hotsrogdson zuil kk sain yarih yum bol uursdiih ni biznes bolson ter 1 hev zagvartai huushuur undaa zardag heden tuts ni ihdeed bhad dainii hajuugaar dajin gj neeren…sonin hul tolgoigui deeree ch ter dooroo ch ter durem juram huuli togtoomjoo dagaj,oilgohoo baitsan sonin uls oron shu.Ene1 undesnii geh todotgoltoi gants tsetserlegt hureelengiinhee uud haviar zogsoh heden panzchin orkuudaa tsegtselchij chadahgui bga tur zasag nuguu hotod uil ajillagaa yavuulj bui avto hudaldaa bolon tehnikiin zahuudaa buteej baiguulsan shine zahruu nuulgene gdg bol ulger shivdee.Hezee 1 tur zasag ni ard irged uls ornoo gsn setgel zutgel sanaachlagtai,ard irged ni niit olniihoo erh ashgiig hundetgeh uhamsartai,huuli durmee sahidag bolnoo hnn..Undesnii Tsetserlegt Hureelen bish ehleed Undesnii Tsegtsleh Hureelen bol ain!

  2. Ene gazar bol niislelchuudiin tsever undnii usnii sav gazar deer baiguulagdsan niislelchuudiin chuluut tsagaa eruul ayulgui orchind zuv bolovson aytai taatai unguruuh ulsiin hemjeend yarigdah chuhal gazar.Iim gazriig Saranchimeg shig l setgel zutgeltei,Bat-Uul shig niislelee gsn zurh setgeltei humuus l iluu shn buteen baiguulaltiig hiij ungutei uudtei avj yavnuu gehees buh niitiin mod tarih uduruur l shahuu baraagaa haruuldag ene metiin humuus yaj ungutei uudtei avj yavj chadah bilee..

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн