Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шав тавих ёслол 04 сарын 09-ний өдөр Налайх дүүрэгт болсон.
Тэгвэл сайжруулсан түлшний үйлдвэр баригдаж, дүүргийн иргэд эхнээсээ ажлын байраар хангагдаж эхлээд байна. “Таван толгой түлш” ХХК-д ажиллах хүсэл, сонирхолтой иргэдийг дүүргийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтэст 07 дугаар сарын дуустал бүртгэж байгаа юм.
Агаарын тухай хуулийн 15.1, 15.3-д заасны дагуу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтоох ба Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар Налайх дүүргийг Агаарын чанарыг сайжруулах 2-р бүсэд багтаан баталж, БОАЖЯ-нд хүргүүлсэн. Энэ хүрээнд Налайх дүүргийн гэр хорооллын айл өрхүүд энэ өвлөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлнэ. Иймд иргэд та бүхнийг яндан зуухны стандартыг хангах бэлтгэлээ эртнээс базаахыг сануулж байгаа аж.
Мөн Монгол Улсын Засгийн газын 62 дугаар тогтоолын дагуу 100-аас дээш болон доош квт хүчин чадалтай халаалтын зууханд шүүлтүүр суулгах, цахилгаан болон бусад эх үүсвэрт холбох, технологио өөрчилж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад сануулж байна.