Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Петровис компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал өнөөдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болно. Оюутолгой төсөлтэй холбогдуулан тэднийг шүүх юм.
Авлигатай тэмцэх газар энэ асуудлыг шалгаж, улмаар 2018 онд Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулж байсан бол энэ хэрэгт хамааруулж, Петровис компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг мөн баривчлан саатуулж байв.
Улмаар АТГ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг гардаж ажилласан Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайд байгуулсан Оюутолгойн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулж Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг нэгтгэн, шүүхэд шилжүүлсэн.
Хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 6-наас хэлэлцэж эхэлсэн ч Ерөнхий сайд асан С.Баяр, Петровис компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын өмгөөлөгч П.Баасанжав, Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр энэхүү шүүх хуралд ирээгүй тул тэдний хэргийг тусгаарлаж, шүүх хурлын товыг зарлахаар болж шийдвэрлээд байсан билээ.
Сануулахад, анхан шатны Эрүүгийн хэргийн шүүхээс Оюутолгой төсөлтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жил, Дубайд хийсэн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулж Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт 4 жил, Оюутолгойд татварын хөнгөлөлт үзүүлсэн үндэслэлээр Б.Ариунсан, Б.Бадрал нарт 1.6 жилийн хорих ял оноогоод байгаа юм.