НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг энэ 7 хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлэх талаар Татварын ерөнхий газар мэдээллээ. Иргэд худалдан авалт хийсэн баримтаа цахим системд бүртгүүлэх хугацааг энэ сарын 8-наар дуусгавар болгосон юм.
4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа цахим системд 7 дугаар сарын 8-ны дотор бүртгүүлсэн иргэд 2 дугаар улирлын буцаан олголтоо авна. Нийт 901 мянган иргэнд 38.2 тэрбум төгрөгийг буцаан олгоно. НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн данс руу шилжүүлнэ.
НӨАТ-ын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүр олгож байгаа. I улирлын буцаан олголтыг 4-р сард олгосон.
II улирлын буцаан олголтыг 7-р сард, 3-р улирлын буцаан олголтыг 10-р сард, 4-р улирлын буцаан олголтыг дараа оны 1-р сард багтаан иргэдэд олгоно.
Өнгөрсөн I улиралд 869 мянган иргэн 35.8 тэрбум төгрөгийн буцаан олголт авчээ. Харин энэ II улиралд баримтаа бүртгүүлсэн иргэдийн тоо нэмэгдэж, буцаан олголт ч өссөн дүнтэй байна.
Байгууллага бүр НӨАТ-ын баримт иргэнд өгөх үүрэгтэй. Иргэн та баримтаа худалдан авалт хийсэн газраа авах эрхтэй. Тиймээс НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа байгууллагын талаар ТЕГ-ын 18001288 утсанд мэдээлэх боломжтой.