Нийслэлийн хэмжээнд 13, орон нутгийн хэмжээнд 8 гээд нийт 21 хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхэллээ. Эдгээр зуслангууд нь долоо хоногийн хугацаатай 4-5 ээлж авч ажиллана. Ингэхдээ УОК, Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа хорио цээрийн дэглэмийн үед мөрдөх журмыг хэрэгжүүлэх юм.
Улсын хэмжээнд нийт 42 зуслан бүртгэлтэй байдаг. Сүүлийн гурван жилд 37 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ жилийн хувьд харьцангуй цөөн зуслан ажиллахаар болж байна. Цар тахал гарсантай холбогдуулан хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтэд илүү анхаарч хяналт үнэлгээг зохион байгуулсан байна. Зуслан бүр ариутгал хийлгэж халдваргүйжүүлэлтийн бодис, гар ариутгагч, халуун хэмжигч, амны хаалт, анхны тусламжийн эм бэлдмэл бэлэн байдлыг базаажээ.
Зуслангийн нэг өрөөнд ор хоорондын зай 1-1.5 метрийн зайтай байна
Өмнө нь хүүхдийн зуслангууд нэг ээлжиндээ 100-125 хүүхэд авдаг байсан бол энэ удаад цар тахалтай холбоотойгоор 60-80 хүүхэд авах зохицуулалтыг хийхээр болжээ. Өмнө нь нэг өрөөнд 4 хүүхэд авдаг байсан бол одоо 2 хүүхэд авна гэсэн үг юм. Мөн нэг өрөөнд ор хоорондын зай 1-1.5 метрийн зайтай байхаар зохицуулж өгсөн байна. Нөгөө талаасаа зуслангийн ариутгал, халдваргүйтгэл, хүүхдийн хооллох үеийн дэглэм, хөтөлбөрийн үед баримтлах дэглэм зэрэгт эмч болон эрүүл ахуйч тогтмол хяналт тавьж ажиллахаар болсон байна.
Мөн хүүхдийн зуслангууд өөрийн ариутгал, халдваргүйтгэл хийсэн унаагаар хүүхдэд үйлчлэх юм. Хүүхдийг хувийн болон нийтийн тээврээр зөөвөрлөхгүй байхаар зуслангийн түр журмын дагуу зохицуулж өгсөн байна.