Энэ жил манай улс улаан буудай, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал зэргийг 522 000 орчим га талбайд тариалсан. Энэ нь өнгөрсөн оныхоос тариалсан талбайн хэмжээ 10 гаруй хувиар нэмэгдсэн дүн бөгөөд одоогоор таримлын соёололт дуусан, хөгжлийн үедээ хүрснийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун мэдээллээ.
Улмаар зарим бүс нутагт улаан буудай цэцэглэж, сүүн болцод хүрсэн бол тэжээлийн таримал бутлалтын үед байна гэв. Өнгөрсөн хавар унасан болон энэ зун орж буй хур тунадасны хэмжээ сүүлийн 5-6 жилийн дунджаас давж, арвин ургац хураах магадлалыг өсгөж буй аж. Мөн долдугаар сард зарим нутгаар аадар, мөндөр орж, үер буусан ч тариалангийн бүс нутагт сөрөг нөлөө үзүүлээгүй гэнэ.
Өдгөө аж ахуйн нэгжүүд намрын ажилдаа бэлтгэн техникийн засвар, үйлчилгээгээ хийж буй бөгөөд ургац хураахад 2000 орчим хүн хэрэгтэй гэсэн захиалгыг ХХААХҮЯ-нд хүргүүлжээ. Улмаар тус яамныхан ХААИС-ийн оюутнууд, цэргүүдийг ажиллуулах талаар холбогдох байгууллагуудтай нь зөвшилцөж буйг Ц.Болорчулуун дурдав.