Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ
“Дэлхийн хэмжээнд 13,885,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 591,000 хүн эндсэн байна. Одоогоор 8.2 сая хүн эдгэрээд байгаа бол 5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. 24 цагийн хугацаанд 226,000 хүн шинээр халдвар авч 5,000 гаруй хүн эндсэн бөгөөд өвчлөл өмнөх өдрөөс 17,000-аар нэмэгдлээ. АНУ-д 67,000 хүн шинээр халдвар авсан нь цар тахал гарснаас хойш нэг хоногт хамгийн олон тохиолдол боллоо. Үүнтэй холбоотойгоор зарим мужид эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зочид буудлуудыг эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхэлсэн байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 6,428 хүн шинээр халдвар авч, 167 хүн эндсэн бөгөөд манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл буурах хандлагатай боллоо. Манай улсын хувьд 32 хүн шинээр ажиглалтад орж, 130 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогийн байдлаар нийт 2,994 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 52 хүнээс дөрвийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа” гэлээ.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа: Энэтхэг улсад 32600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 968 мянгад хүрлээ. Австралид 330 шинэ тохиолдол, 2 нас баралт бүртгэгдлээ. БНСУ-д 60 шинэ тохиолдол, 2 нас баралт бүртгэгдлээ. БНХАУ-д 10 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс ес нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Бээжин хотод 11.8 сая шинжилгээ хийснээс тус хотод бүртгэгдсэн 355 тохиолдлын 53.8 хувийг илрүүлсэн байна. БНХАУ-ын төрийн мэдлийн Синофарм группинй хөгжүүлж буй идэвхгүйжүүлсэн вакциныг АНЭУ-ын сайн дурын 15 мянган хүнд хийж эхэлжээ. Энэ вакциныг 2 удаа хийхэд, ковид-19-ийн эсрэг бие үүсэх юм байна.
Л.Баяр