Дэлхийн 216 улс оронд бүртгэгдээд буй Covid-19-ийн цар тахал монгол улсын хувьд зөөвөрлөгдөн ирсэн 261 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд дотооддоо алдаагүй. Харин энэ сайн мэдээний хажуугаар нэгэн саар мэдээ нь Монгол оронд тарваган тахал бүртгэгдсэн явдал юм. Тарваган тахал бол 30-100 хувийн нас баралттай, коронавирусээс дутахгүй хор хөнөөлтэй өвчин ажээ. Одоогийн байдлаар тарваган тахлын сэжигтэй таван тохиолдлын гурав нь батлагдсан. Үүний хоёр тохиолдол нь Ховд аймагт эмчлэгдэж байгаа. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд долдугаар сарын 11-нд 15 настай хүү тарваган тахлаар нас барсан. Энэ өвчний нууц хугацаа зургаа хоног байдаг аж.
Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар нэг тохиолдлыг эмчлэхэд 60-100 сая төгрөг зарцуулдаг талаар ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Нэг тохиолдлоос халдвар цааш тархвал үүнээс их мөнгө зарцуулах юм. Энэ мөнгө төрөөс гардаг аж. Ер нь тарваган тахлын нэг тохиолдлыг ч дэгдэлт гэж авч үзээд тусгайлсан хариу арга хэмжээ авдаг ажээ.
Манай улсын хувьд 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт байдаг ба тэр дундаа баруун аймгуудад, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увст тарваган тахлын идэвхжил нэлээд өндөр байна. Сүүлийн жилүүдэд тарваган тахлын өвчлөл тасралтгүй бүртгэгдэж, нас барах тохиолдол гарч байна.
Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана. Тарваган тахлын нян 37 хэмийн дулаанд бүрээс үүсгэнэ. Тарваган тахлын нян бүүргийн ходоодонд 0-15 хэмд 396 хоног хүртэл, мэрэгчдийн нүх ноохой, газрын хөрс, хүйтэн, чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай бөгөөд бусад бичил биетний нөлөө болон нарны гэрэл, химийн бодисын нөлөөнд тэсвэргүй. 1:1000-ын сульма, 3-5% хлорамин, 3% карболын хүчил, 10%-ын хлорын шохойн сүүн уусмал зэрэг халдваргүйтгэлийн бодисууд, мөн цефалоспорин, стрептомицин, тетрациклин, левомицетин зэрэг олон антибиотикт мэдрэг. Тархвар судлал Тарваган тахлаар өвчилсөн мэрэгч амьтан, шимэгчид/ бүүрэг бөөс.гм/ өвчилсөн хүн эх уурхай болно.
Л.Баяр