Шударга биш, тэгш бус харилцаа өнөөгийн нийгэмд өчнөөн бий. Ар өврийн хаалга, гар “хүндрүүлэх” хэдэн төгрөггүй бол өөрт олдсон боломжийг ашиглаж чадахгүй, бусдад алдах тохиолдол ч бишгүй. Боломжийг ашиглахыг тулд танил талаа ашиглана, цаашлаад авлига атгуулахад хүрнэ. Ингэхгүй бол боломжийг ашиглаж, өөрт тустай зүйл хийж чадахгүй. “Чи шударгаар яваад юу ч олж долоохгүй” гэж олон хүн хэлэхийг сонслоо. “Шударга царайлах хэрэггүй, овжин бай. Тэгвэл чи амжилтад хүрнэ” хэмээн хэлэхийг ч олонтоо сонсож байна. Өнөөгийн нийгмийн хамгийн шилдэг “сургаал” ийм болсон бололтой. Энэ бүгдийн эерүүлэл нь “Нийгэм ийм юм чинь” гэсэн хариулт. Нийгэм ийм юм чинь гээд шударга бусыг өөгшүүлж, авлига, арын хаалгыг цэцэглүүлсээр байх уу.
…УИХ-ын гишүүдийн 53 нь шинэ хүн. Тэд 40-50 настай идэрхэн кадрууд. Олонх нь гадаадын өндөр хөгжилтэй, нийгмийн тогтолцоогоо сайжруулж чадсан оронд боловсрол эзэмшсэн хүмүүс. Тэднээс гадна технократ маягийн хүмүүсийг шинэ Засгийн газрын сайдаар томиллоо. Хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар төрийн болон олон нийтийн албаны хүмүүсийн хандлагыг өөрчлөхийг тэднээс хүсэж байна…
Энэ асуултад хариулт хайх цаг нь ирсэн. Монголчууд үүний хариултыг олж, шударга нийгмийг цогцлоож чадахгүй бол тамын тогоондоо буцалж, хоцрогдлын манан дундаа төөрсөөр байх болно. Аль нэгэн намыг бараадаж, хэн нэгэн улстөрчийг түшихгүй бол албан тушаалд хүрэхгүй гэдэг сэтгэлгээ монголчуудын тархинд гүн суужээ. Ялсан намыг түшсэн хүмүүс албан тушаалын зөөлөн сэнтийд заларч, бизнес нь цэцэглэж байгаа нь үнэн. Тэд төсвийн мөнгөнөөс хулгай хийж, хөрөнгөө зузаалдаг ч нь олон нийтэд илэрхий мэдрэгдэх болсон. Намын дэмжлэггүй бол олон нийтийн албанд ч ажиллах боломж олдохоо больжээ. Тухайн хүн ажил мэргэжлийн ур чадвар, мэдлэг өндөр байх нь хамаагүй. Харин нам хүчний үнэнч зараал байхад ажил, амьдралын баталгаатай болно. Энэ бол өнөөгийн нийгмийн ялзрал.
Ийм л байх ёстой, энэ бол жам ёсны үзэгдэл гээд итгэчихсэн хүн олширч, нийгмийн олонхыг бүрдүүлдэг болсон нь аюул. Шударга бус хандлага, тэгш биш байдлыг хүлээн зөвшөөрч, өөгшүүлж буйг хүний нийгэмд оюун санааны доройтол гэж үздэг. Өндөр заяат гэж өөрсдийгөө өргөмжилдөг монголчууд оюун санааны үзлийн хувьд хүн төрөлхтний хаана нь яваагаа дүгнэх хэрэгтэй санагдана.
Улс төрийн өндөр түвшинд тулгарсан төөрөгдлийг орхиод нийгмийн нэгэн салбар руу өнгийе. Эмчлүүлэхээр эмнэлэгт хандах шаардлагатай боллоо гэхэд хамгийн түрүүнд таньдаг эмч байдаг бил үү гэж боддог болсон. Таньдаг эмч байхгүй бол хүссэн үйлчилгээгээ авч чадахгүй. Жирийн ажилчин, албан хаагч эрүүл мэндийн даатгалаа ашиглан улсын статустай эмнэлгээр явъя гэвэл танил талгүй бол олигтой үйлчилгээ авах боломж бараг үгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Бид эмнэлэгт үзүүлэхийн тулд таньдаг эмчийнхээ тусламжийг авч байж хүний зэрэгтэй үйлчилгээ авна. Эсвэл цаг зайны боломж гарахыг хүлээж, чанартай эмчилгээ авахын тулд сувилагчаас эхлээд эмчийнх нь гарыг хүндрүүлнэ. Ингэхгүй бол тантай хүний зэрэгтэй харилцахгүй. Үзлэг оношилгоог нь хагас дутуу хийж, хэрэв хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол “халтуурдаад” өнгөрнө. Өнөөгийн нийгэмд бугшсан буруу үзэгдлийн нэг нь ийм.
Мөнгөгүй бол хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх боломж хомс. Олон сая төгрөгийн өндөр төлбөртэй хувийн сургуульд оруулж чадахгүй бол улсын мэдлийнхэд хандахаас өөр сонголтгүй. Төрийн өмчийн сайн сургуульд оруулахын тулд бас л хэн нэгнийг царайчилна. Сургуулийн захирлын гарыг хүндрүүлэх шаардлага гаргана. Хэн нэгэн танилаар нь дамжуулж гуйлгана. Хамран суралцах тойргийнх нь байсан хүүхдээ сургуульд хялбархан оруулж дөнгөхгүй. Сургуульд нь ямар нэгэн байдлаар мөнгөн болон эд материалын хандив өгч байж оруулна. Эрдмийн өргөөний босго анх алхаж байгаа хүүхдийн эцэг, эхээс ямар нэг байдлаар “татвар” авахгүй оруулах сургууль бараг үгүй. Ядаж л сандал худалдан авах мөнгө шилжүүл гэж нэхнэ.
Хүүхдээ цэцэрлэгт оруулах бол сургуулийн босго давуулахаас илүү ярвигтай ажил. Сугалаа татна. Хэрэв аз таарахгүй бол оруулж чадахгүй. Ингээд танил талаа ашиглах, гар хүндрүүлэх хэрэг гарна. Танил талгүй, атгуулах мөнгөгүй бол нийгмийн үйлчилгээ авна гэж саналтгүй. Товчхондоо, та буруу тогтолцоотой нийгмийн золиос болон хоцорно. Нийгэм нь иргэдээ авлигач, арын хаалгач болохыг ийнхүү шаардаж байна. “Нийгэм ийм юм чинь” гээд авлига өгөөд, арын хаалгаар “ороод” яваад байх уу. Нийгмээ өөрчилж, шударга, эрх тэгш, дарга, цэрэг, ядуу, баян гэж ялгаварлуулахгүйгээр амьдрах уу.
Албан тушаалтнуудын дунд “гарын үсгийн наймаа” гэсэн адгийн хандлага газар авсан. Ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгох эрх мэдэл бүхий албан тушаалтан гарын үсгээ үнэлдэг болсныг олон удаа сонслоо. Тусгай зөвшөөрөл авч чадахгүй бол бизнес, ажил, үйлчилгээ явуулах эрхгүй. Иймээс гарыг нь хүндрүүлэн байж гарын үсэг зуруулж, мөнөөх зөвшөөрлөө авна. Гарыг нь хүндрүүлэхгүй бол ажил нь гацдаг олон жишээ дурдаж болно. Тавантолгойн ордоос БНХАУ руу нүүрс зөөдөг жолооч нар олон улсын тээвэр хийх эрхээ улирал бүр сунгуулдгаа ярьсан юм. Тэд тэр тоолонд авлига өгч эрхээ сунгуулдаг гэсэн. Халаас руу нь хэдэн төгрөг шургуулахгүй бол төрийн албан хаагч мутрын үсгээ зурж, зөвшөөрөл олгохгүй. Тэгэхээр бүтэн улирал, бүр цаашлаад жилээр ч ажилгүй сууна гэсэн үг. Байнгын ажлын байртай байхын тулд жолооч нар алган дээр нь мөнгө тавихаас өөр аргагүй байдалд ордгоо ярьж байсан.
Хууль бус үйлдэлтэй тэмцэх үүрэгтэй хяналтын байгууллагын ажилтнууд ч авлига аваад амаа жимийнэ. Өгөхгүй бол айлгаж сүрдүүлж, нэхэж авна. Хууль хяналтын нэг байгууллага баталгаат орчуулгын товчоогоор тогтмол үйлчлүүлдэг гэнэ. Орчуулга хийлгэсэн хөлсөө шилжүүлснийхээ дараа нэр бүхий өндөр тушаалтан нь утас цохиж “10 хувийг нь миний данс руу шилжүүл” гэж үүрэгддэг гэнэ лээ. Үүнийг ялзрал гэхгүй өөр юу гэх вэ.
Түүхч, угсаатны зүйчид монголчуудыг оппортунист гэж дүгнэдэг гэнэ. Оппортунист гэж өөрт нь ашигтай байвал ямар ч зарчмаас ухарч чаддаг, хэлсэн үгэндээ хүрдэггүй, тухайн цаг үед ойрын ирээдүйд нь хэр ашигтай вэ гэдгийг чухалчилдаг хүмүүсийг хэлдэг байна. Тэгэхээр бид бүтэхгүй араншинтай нөхөд байх нь. Өөрт ашигтай л бол үнэт зүйл, үзэл бодол, үнэн чанараас ухрах юм байна. Тэгэхээр манайхан “Нийгэм ийм юм чинь” гэж буруу үйлдлээ хаацайлахаас ч яах билээ. Энэ бол хүн төрөлхтөнд гайхуулаад байх сайн чанар биш гэдэгтэй хэн ч маргахгүй.
Монголчууд өөрчлөгдөх хэрэгтэй. Зан суртахууны хувьд өөрчлөгдөхгүй бол удирдагчид нь нийгмийн тогтолцоог зөв голдиролд оруулж, буруу үйлдлээс сэргийлэх хэрэгтэй санагдана.
УИХ-ын сонгууль саяхан болж өнгөрлөө. УИХ-ын гишүүдийн 53 нь шинэ хүн. Тэд 40-50 настай идэр кадр. Олонх нь өндөр хөгжилтэй, нийгмийн тогтолцоогоо сайжруулж чадсан улсад боловсрол эзэмшсэн. Тэднээс гадна технократ маягийн хүмүүсийг шинэ Засгийн газрын сайдаар томиллоо. Хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар төрийн болон олон нийтийн албаны хүмүүсийн хандлагыг өөрчлөхийг тэднээс хүсэж байна. Ядаж төрийн албыг мэрит зарчмаар ажиллуулдаг болгох хэрэгтэй. Тэдний хийх ёстой хамгийн том ажил бол авлига, арын хаалгаар ажил бүтээдэг бурангуй үзэгдлийг халах. Үүнийг хийхгүй бол нийгмийн гажуудал засрахгүй. “Нийгэм ийм юм чинь” хэмээн хүлээн зөвшөөрч ярьсаар байх болно. Залуучууд гажууд, буруу зам руу хөтөлсөн нийгэмд амьдрахыг хүсэхгүй байна.