Эхний байдлаар өвчтөнд тарваган тахалтай төстэй савханцар бактерлогийн болон сорьцын шинжилгээнд илэрсэн талаар
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Говь-Алтай аймгийн Төгрөг суманд амь насаа алдсан 15 настай хүүгийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр ” Өчигдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд сумын эмнэлэг рүү ирэх замдаа нас барсан тухай мэдээлэл цацагдсан. Талыгаач гурав хоногийн өмнө хоёр найзтайгаа хамтарч тарвага агнаж, тарваганы махыг өвчиж, хүнсэндээ хэрэглэсэн гэсэн өгүүлэмжтэй байсан.
Өчигдөр өдөр Говь-Алтай аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвийн 9 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарийн баг голомтод ажиллаж, задлан шинжилгээ хийх, сорьц авах арга хэмжээнүүдийг авсан.
Эхний задлан шинжилгээний дүнгээр өвчтөнд Тарваган тахалтай төстэй савханцар бактерлогийн болон сорьцын шинжилгээнд гарсан, PCR шинжилгээ хийлгэхээр дээжийг нийслэлийн зоонож өвчин судлалын төвд онгоцоор авч ирж байгаа.
Тарваган тахлын булчирхайн хэлбэр хүндэрч, өвчлөлийн хэлбэрт орж, нас барсан гэсэн урьдчилсан онош гарч байна.
Бид олон дахин сануулж байгаа. Амралт зугаалгын цагт тарваганы мах хэрэглэхгүй байх, тарвага агнахгүй байх зөвлөгөө өгсөөр байтал дахин дахин харамсалтай хэргүүд 7 сард гарч байна.
Энэ жилийн хувьд БНХАУ, ОХУ, Монголын Алтайн бүс нутгуудад Тарваган тахалын онц идэвхтэй бүс гэж манай эрдэмтэд болон гурван орны эрдэмтдийн хамтарсан судалгаагаар гарсан байгаа. Ийм учраас тарваган тахалын онц идэвхжилттэй энэ жилийн хувьд тарвага агнахгүй байх, тарвагыг хүнсэндээ хэрэглэхгүй байх нь үнэхээр чухал байна. Тарваган тахал маш хоруу чанар ихтэй. Уушигны хэлбэр нь Коронавирусийн халдвартай яг адилхан хурдан явцтай, харин ч хурдан хүний амь насанд хүрдэг өвчин учраас манай иргэд онцгой анхаарахыг та бүхнээсээ дахин дахин хүсч байна.