Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж буй “Тоёота мотор корпорац”-иас хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит “Тоёота” маркийн “HIACE” автомашиныг өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэж өглөө.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, шагнал гардуулах үйл ажиллагааны зөвлөх Л.Ариунбат нар оролцлоо.
Зорчигч тээврийн зориулалт бүхий 16 хүний суудалтай, албаны хэрэгцээнд ашиглахад нэн тохиромжтой тус автомашиныг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээг дэмжих, уялдаа холбоог сайжруулахад голчлон ашиглах юм.
Ялангуяа коронавируст “Ковид-19” халдварын үед нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нээсэн эрүүл мэндийн хяналт, гэрийн тусгаарлалт болон эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хариуцан ажиллаж буй энэ цаг үед чухал хэрэгцээтэй болохыг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар онцлон хэллээ.
“Тоёота Сэйлс Монголиа” ХХК болон Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс нарт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудынхаа өмнөөс талархал илэрхийлж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР