УИХ-ын байнгын хороод хуралдаж, дарга нараа сонгосон байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд:
26.3.Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ.
26.4.Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно гэсэн байдаг.
Байнгын хорооны хуралдаанаар сонгогдсон даргыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлах юм.
Байнгын хороодын даргаар дараах гишүүд сонгогджээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо – Б.Баттөмөр
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо – Х.Болорчулуун
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо – Ж.Мөнхбат
Нийгмийн бодлогын байнгын хороо – М.Оюунчимэг
Төрийн байгуулалтын байнгын хороо – Л.Энх-Амгалан
Төсвийн байнгын хороо – Б.Жавхлан
Хууль зүйн байнгын хороо – С.Бямбацогт
Эдийн засгийн байнгын хороо – Ж.Ганбаатар
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо – Б.Бат-Эрдэнэ
Инновац, цахим бодлогын байнгын хороо – Н.Учрал
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо – Б.Чойжилсүрэн
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО:
Тус Байнгын хороо 15 цаг 24 минутад хуралдаанаа эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалалаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулууны нэрийг дэвшүүлснийг танилцуулав. Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудалтай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй гэж гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны даргаар Хянгаагийн Болорчулуун нэр дэвшигчийг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75.0 хувь нь дэмжив.
Дараа нь Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо:
1. Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакар
2. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд
3. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням
4. Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг
5. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг дагнан хариуцах юм.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО
Тус Байнгын хорооны хуралдаан 15 цаг 20 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргаллаа. Эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөрийг нэр дэвшүүлснийг танилцуулав. Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудалтай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооны даргаар Баагаагийн Баттөмөрийг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 95.0 хувь нь дэмжив.
Дараа нь Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн:
1. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан
2. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг
3. Улсын Их Хурлын гишүүн С.Батболд
4. Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ
5. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан
6. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан
7. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн.
Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг дагнан хариуцах юм.
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО
Тус Байнгын хорооны хуралдаан 15 цаг 40 минутад эхэлж хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн даргаллаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангийн нэрийг дэвшүүлснийг танилцуулав. Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны даргаар Болдын Жавхлан нэр дэвшигчийг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Төсвийн байнгын хороо 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн.
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо:
1. Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин
2. Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар
3. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал
4. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр
5. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь
6. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа
7. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар
8. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж
9. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн.
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг дагнан хариуцах бөгөөд тус дэд хороо өөрийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулах эрхтэй.
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО
Байнгын хороо 15 цаг 49 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй хуралдаанаа эхэлж, хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа Эдийн засгийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Жамбалын Ганбаатарын нэрийг дэвшүүлснийг танилцууллаа. Нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Жамбалын Ганбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.
Дараа нь тус Байнгын хорооны харьяа Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэн дараах бүрэлдэхүүнтэй байгуулахаар болсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо:
1. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр
2. Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ
3. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа
4. Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал
5. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг
6. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд
7. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусган хэрэгжүүлэх асуудлыг дагнан хариуцна.
Тус хуралдааны төгсгөлд Үндэсний статистикийн хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэхэд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. А.Ариунзаяа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдсонтой холбогдуулан Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаасаа 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд ирүүлсэн байна.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО
Байнгын хорооны хуралдаан 16 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг даргаллаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Хууль зүйн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогтын нэрийг дэвшүүлснийг танилцуулав. Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудалтай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Байнгын хорооны даргаар Сандагийн Бямбацогтыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 91.7 хувь нь дэмжив.
Дараа нь Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.
Хүний эрхийн дэд хороо:
1. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа
2. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат
3. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг
4. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд
5. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир
6. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал
7. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр.
Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцна.
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО
Байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргаллаа. Эхлээд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалангийн нэрийг дэвшүүлснийг танилцуулав. Байнгын хорооны даргад нэр дэвшигчид хандан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар санал хэлж, амжилт хүсэв. Ингээд Байнгын хорооны даргаар Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн санал нэгтэйгээр дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан тул Дэд хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудлыг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны харъяа Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэвээр үлдээж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг дараах байдлаар өөрчиллөө.
Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо:
1. Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан
2. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар
3. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил
4. Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат
5. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул санал хураалт явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон 11 гишүүн 100 хувийн саналаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн тогтоох шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Н.Энхболд гишүүн энэ талаарх Улсын Их Хурлын тухай тогтоолын төслийг уншиж танилцуулсан.
НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 16 цаг 32 минутад 57.9 хувийн ирцтэй хуралдаанаа эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл даргалсан. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа Улсын Их Хурлын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэгийн нэрийг дэвшүүлснийг танилцуулав. Гишүүд нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нэр дэвшигчид хандан эрүүл мэндийн салбарт улстөржилгүй хамтарч ажиллах шаардлагатай байна гэсэн санал хэлсэн.
Ингээд Улсын Их Хурлын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгох санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжив.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн баталснаар Улсын Их Хурал Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой болж, тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг боловсрол; соёл, урлаг; ард түмний түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого; монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил; шинжлэх ухаан; нийтийн биеийн тамир, спорт байхаар хуульчилсан юм.
Шинээр байгуулагдсан тус Байнгын хороо анхны хуралдаанаа өнөөдөр хийлээ. Хуралдаан 17 цагт эхэлж, Байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Сарангэрэл даргаллаа.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатын нэрийг дэвшүүлснийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцуулав. Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудалтай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 90.9 хувь нь Байнгын хорооны даргаар Жамъянгийн Мөнхбатыг сонгохыг дэмжлээ.
ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН БАЙНГЫН ХОРОО
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог шинээр байгуулав. Тус Байнгын хорооны эрхлэх асуудлыг хүрээг төрийн албан хаагчийн ёс, зүй, сахилга хариуцлагын бодлого; төрийн албаны бүх шатны ёс зүйн хорооны асуудал; гишүүний ёс зүй, сахилгын асуудал; чуулганы хуралдааны дэг сахиулах; гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг байхаар хуульчилсан юм. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо анхны хуралдаанаа өнөөдөр хийлээ. Хуралдаан 17 цаг 02 цагт 72.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр даргалсан юм.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн нэрийг дэвшүүлж буйг танилцууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 10 гишүүний 8 нь буюу 80 хувийн саналаар Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.
ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог шинээр байгуулсан. Тус Байнгын хорооны эрхлэх асуудлыг хүрээг үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт; жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого; хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого; хүнд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого байхаар тодорхойлсон юм.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо анхны хуралдаанаа өнөөдөр хийлээ. Хуралдаанаа 17 цаг 30 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгийн нэрийг дэвшүүлснийг танилцууллаа. Нэр дэвшигчээс асуулт асуух, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн танилцуулгатай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Монгол Улсад үйлдвэржилт чухал асуудал тул улстөржилгүй хамтарч ажиллахаа мэдэгдлээ. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувь нь дэмжсэн.
Үргэлжлүүлэн тус Байнгын хорооны харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийн, Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн, Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо:
1. Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн
2. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
3. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал
4. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд
5. Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцах юм.
Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо:
1. Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн
2. Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар
3. Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакар
4. Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор
5. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд
6. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн
7. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан.
Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцна.
Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо:
1. Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар
2. Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар
3. Улсын Их Хурлын гишүүн Б. Чойжилсүрэн
4. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн
5. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан
6. Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин
Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцах юм.
ИННОВАЦ, ЦАХИМ БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Инновац, цахим бодлогын байнгын хороог шинээр байгууллаа. Энэхүү Байнгын хорооны эрхлэх асуудлыг хүрээг цахим засаглалын бодлого, үйл ажиллагаа; мэдээллийн технологийн хөгжил; харилцаа, холбооны бодлого, үйл ажиллагаа; өндөр технологи, үндэсний инновацын бодлого; дижитал шилжилт, техник технологийн шинэчлэл; инновацыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого; инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрүүлэх хувийн хэвшлийн оролцоог дэмжих бодлого; инновацын дэд бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг хөгжүүлэх бодлого; инновацын үйл ажиллагааг санхүүжүүлэх бодлого байхаар хуульчилсан юм.
Инновац, цахим бодлогын байнгын хороо анхны хуралдаан өнөөдөр болж, 17 цаг 30 минутад хуралдаан эхэлсэн. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг даргалсан бөгөөд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралын нэрийг дэвшүүлснийг танилцуулав. Гишүүд нэр дэвшигчээс асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 90.0 хувь нь Ням-Осорын Учралыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.
Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгодог хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.