Чуулга уулзалтын нээлтийн хуралдаанд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа илтгэгчээр оролцож, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад статистикийн салбарын гүйцэтгэх үүрэг, мэдээллийн чанарыг сайжруулах, салбарын чадавхийг бэхжүүлэхэд хөгжиж буй улс орнуудад ямар дэмжлэг шаардлагатай байгааг танилцуулав.
Мөн “COVID-19” цар тахлыг даван туулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд зөв бодлого, хариу арга хэмжээ, шинэ түншлэл нэн чухал болохыг хэлсэн үгэндээ онцоллоо.
Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо нь НҮБ-ын Статистикийн комиссын дэргэдэх “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд статистикийн салбарын түншлэл, зохицуулалт, чадавх бэхжүүлэх асуудлаарх өндөр түвшний ажлын хэсэг, XXI зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл ПАРИС 21 (PARIS 21) консорциумын Удирдах зөвлөл, Америк, Ази, Номхон далайн бүсийн тооллогын товчоодын нийгэмлэгийг тус тус тэргүүлэн ажиллаж байна.
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээл дор жил бүр болдог “Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт” Нью-Йорк хотноо энэ сарын 7-17-ыг хүртэл үргэлжилнэ.