УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Хөдөлмөрийн Үндэсний Намын төлөөлөл Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн эцэслэн батлагдаж, Анхдугаар чуулган хаалтаа хийх гэж байна.
“Зөв ХҮН электорат” эвсэл, ХҮН-ын төлөөллийн хувьд зарим шаардлагыг тавьж ажиллана. Намрын ээлжит чуулганаар нэлээд олон шинэчлэлүүдийн хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Хэдийгээр бид УИХ-д нэг хүний төлөөлөлтэй ч гэсэн бидний ард салбар бүрийн мэргэжилтнүүд байдаг.
Бид дараах таван чиглэлээр шинэчлэл хийх хуулийн төслийг хэлэлцүүлэх хүсэлт өгсөн байгаа.
- Тэтгэврийн шинэчлэлийг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд төрөөс тэтгэврийн шинэчлэлийн бодлого баримтлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина.
- Санхүүгийн зах зээлийн шинэчлэлийг эхлүүлнэ. Үүний хүрээнд Санхүүгийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулий төслүүдийг тус тус өргөн барина.
- Боловсролын шинэчлэлийн хүрээнд Багшийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
- Улс төрийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулийг боловсруулж, чуулганаар хэлэлцүүлэх болно.
- Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөөд байна.