УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулсан МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр (2020.07.07) У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарын нэрсийг нийтэд ил болголоо. Шинэ Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрын шинэ гишүүдийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулж, Ерөнхий сайд томилох юм. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд анх удаа Ерөнхий сайд нь улс төрийн намуудын бүлэг, фракцуудтай тохиролцож, тэдний атганд багтаж баригдаагүй Засгаа газар бүрдэж байна.
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 14 яамтай байна. Түүний танхмын “дан дээлтэй” сайд нар дунд албан тушаалын бялуунаас хоцорч байгаагүй хууччуул алга. Өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан хүн ч алга. Шинээр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайдаас гадна 4 сайд давхар дээлтэй байна. Энэ удаа давхар дээлтэй сайд нараар:
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар ажиллах гэж байна. Мөн Шадар сайдаар УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар томилогдохоор болжээ.
МАН 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо иргэд сонгогчдын дэмжлэгийг хүлээсэн, ёс суртахуунтай, боловсролтой хүмүүсээ нэр дэвшүүлнэ хэмээн мэдэгдэж байсан. Энэ шалгуурын дагуу УИХ-д өмнө сонгогдож байгаагүй МАН-ын 32 гишүүн шинээр орж ирсэн. Тэгвэл энэ удаа шинэ Засгийн газарт 12 шинэ сайд УИХ-ын гаднаас томилогдож байна.
Хэний ч санаанд ороогүй, хэний ч тааварт багтаагүй шинэ сайд нарын хэн хэн нь салбартаа олон жил ажилласан, мэргэшсэн хүмүүс байгаа нь сүүлийн 20 гаруй жил аль ч Засгийн газрын түүхэнд гарч байгаагүй шинэ үзэгдэл болж байна.
Үе үеийн Засгийн газруудын хамгийн том алдаа намуудын санхүүжилтийг дааж ирсэн мөнгөтэй, бизнес эрхлэгчид байсан. Улс төр дэх их мөнгөний нөлөө сайдын суудал руу эзнээ ногоон гэрлээр хүргэж, төрийн өмч эзгүйрч, төрөөс төрсөн тэрбумтнуудын тоог нэмж ирсэн юм. Харин энэ удаа МАН-ын дарга У.Хүрэлсүх анх удаа энэ дэг жаягыг эвдэж, Засгийн газраа улстөрд танил биш ч, салбартаа танигдсан мэдлэг боловсролтой, чадварлаг мэргэжилтнүүдээр бүрдүүллээ.
Энэ утгаар нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд бүрдээгүй жинхэнэ “мэргэжлийн” Засгийн газар байгуулагдлаа гэж хэлж болох юм. Сайд нарт ажлаа хүлээж аваад салбартайгаа “танилцах үдэшлэг” хийн хугацаа алдах шаардлага тулгарахгүй. Салбарын онцлог бодлого, чиглэлээ кранаар өргүүлэн сайд болж орж ирсэн нөхдөөс илүү мэдэж байгаа нь давуу тал юм.
Монголын нийгмийн тогтолцоо сүүлийн 20 гаруй жилд уруудан доройтоход салбарын тухай “А” ч үгүй сайд нарын хувийн сонирхол, хоосон амбиц, бодлоггүй шийдвэр нөлөөлж ирсэн. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар өмнөх Засгийн газруудын гаргаж ирсэн бодлогын том гажуудлыг засах эхлэлийг тавьж байна.
У.Хүрэлсүхийн танхимын шинэ сайд нарын тухай товчхон
Эрчим хүчний сайд Нансалын Тавинбэх: 1971 онд Налайх дүүрэгт төрсөн. 2015 оны 11 дүгээр сараас Багануур хотын захирагчаар сонгогдон ажиллаж байсан. 2017 оноос Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.
Н.Тавинбэх БНЦШС газар болон Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээнд 1995-2013 онд мастераас Гүйцэтгэх захирал хүртэл тушаал дэвшин ажиллаж байсан. Багануурын Захирагчаар томилогдохынхоо өмнө “Багануур Энерги” ХХК Гүйцэтгэх захиралын ажлыг эрхэлж байсан аж.
Н.Тавинбэх
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн: 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчнээр ажиллаж байсан тэрээр 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах болжээ. 1996-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн хийж байгаад 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан туршлагатай. Яамны аппаратын мэргэшсэн боловсон хүчин. Энэ утгаараа салбартайгаа танилцана гэсэн ойлголт байхгүй, ажлаа авсан өдрөөс яамны ажлыг жигд аваад явах чадвартай хэмээн үнэлэгдсэн болов уу.
Б.Цэдэвсүрэн
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Монгол-Оросын Улаанбаатар төмөр зам ХНН-т 1993 оноос хойш ажиллаж байгаа. Төмөр замын техникумд инженер багш, УБТЗ ХНН-ийн Ачиж буулгах ангийн орлогч дарга, Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал, Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, Хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, 2018 он хүртэл УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажилласан Төмөр замын салбарын мэргэжилтэн
Л.Халтар
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Сангийн яаманд Төсвийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга, Эрчим хүчний яамны Төрийн Нарийн Бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажилласан. Төрд ажилласан туршлагатай.
З.Мэндсайхан
Соёлын сайд С.Чулуун: Шинэ Засгийн газар Соёлын яамыг шинээр байгуулах гэж байгаа. Яамны сайдаар ШУА-ийн Түүх, угсаатны хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун томилогдохоор болж байна. С.Чулуун МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн. 2010 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн, 2015 оноос Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа
Английн Кембрижийн их сургуулийн “Дотоод Ази ба Монгол судлал”-ын төвд зочин судлаач, 2012-2013, 2014 онд Японы Осака хотын Үндэсний Угсаатны музей, Тохоку их сургуулийн Зүүн хойд Азийн судлалын төвд, 2015 онд Унгарын ШУА-ийн Угсаатны судлалын хүрээлэнд, 2017 онд БНХАУ-ын Ардын их сургуульд тус тус зочин профессороор уригдан ажиллаж байсан. Эрдэм шинжилгээний бүтээлүүд нь ОХУ, Англи, Солонгос, Хятад, Япон, Унгар, Турк, Нидерланд улсад хэвлэгдэж байсан.
С.Чулуун
Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр: Цэргийн нэгдсэн дээд сургууль, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын академийн дамжаа, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн. Батлан хамгаалахын доктор зэрэгтэй. 1989 оноос Зэвсэгт хүчний ангиудад улс төрийн орлогчоос ажлын гараагаа эхэлсэн.
ЗХЖШ-ын Сургалт, соёл хүмүүжлийн газарт офицер, ХЖШ-ын Мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжлийн хэлтсийн дарга, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан. 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар цэргийн дээд Бригадийн генерал цол хүртсэн.
Бригадын генерал Г.Сайханбаяр
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван: УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажилладаг. Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Атташе, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын Комиссын газар, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан атташе, 3, 2, 1-р нарийн бичгийн дарга, Газрын тосны газар Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Төрийн өмчийн хорооны Тамгын газарт Дарга бөгөөд дэд дарга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа, эдийн засгийн зөвлөх, яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалыг хашиж байсан.
Н.Энхтайван
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа: Үндэсний статистикийн хорооны даргаар 2015 оноос хойш ажиллаж байна. Герман Улсад нийгэм судлал, улс төр, түүхийн чиглэлээр суралцаж, магистр хамгаалсан. Мөн Ази, Америк, Номхон далайн орнуудын Үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн 2018-2020 оны ерөнхийлөгчөөр сонгогдсон. А.Ариунзаяа нь 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль төгссөн. 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар тус тус ажилласан.
А.Ариунзаяа
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Одоо Барилга хот байгуулалтын яамны Дэд сайдаар ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. 008-2012 онд Улаанбаатар хотын захирагчийн Дэд бүтэц хариуцсан орлогчоор ажилласан туршлагатай. Мөн Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. ШУТИС болон МУИС, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Зүүн Лондонгийн Их Сургуулийг тус тус төгссөн.
Б.Мөнхбаатар
Эрүүл мэндийн сайд Б.Цогтбаатар: ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажилладаг. АШУИС-ийг хүний их эмчээр төгссөн. Өмнө нь Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан. Мөн АНУ-ын Колорадогийн их сургуулийг нийгмийн эрүүл мэндийн магистр, Канадын Саймон Фрейзерын их сургуулийг доктор цолтойгоор дүүргэж, Канадын их сургуульд гэрээгээр багшлахаас гадна Канадын эрүүл мэндийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас төслийн зохицуулагчаар ажиллаж байсан.
Б.Цогтбаатар
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: ЗХУ-ын Иркутскийн Политехникийн дээд сургуулийг 1991 онд уулын инженер-маркшейдер мэргэжлээр төгссөн. ШУА-ын Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, “Монголросцветмет” ХХК-ийн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт хэсгийн маркшейдер, гүний уурхайн ерөнхий инженер, ерөнхий маркшейдер, компанийн төв захиргаанд Үйлдвэр-техникийн хэлтсийн дарга, Хөгжил, хэтийн төлөвийн хэлтсийн дарга, Заамарын алтны үйлдвэрийн захирал, Баргилт уулын үйлдвэрийн ерөнхий инженер, Баргилтын уурхай (цех)-н дарга, Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан. 2018 оноос “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлын ажлыг хашиж байгаа. Уул уурхайн салбарт тасралтгүй 29 жил ажилласан.
Г.Ёндон
Бэлтгэсэн Д.ТЭРГЭЛ
3 comments
Албан тушаалаа урвуулан ашиглагч, хулгайч Шадар сайд, хүн алахаар заналхийлдэг, оюуны хулгайч Соёлын сайд, 60 тэрбумын схемд оролцож дэвшсэн Эрүүл мэндийн сайдтай, ёстой л МЭРГЭЖЛИЙН юм байна даа хаха
bolovsrold yanz buriin xun taviad Tsedevsuren said xiix xemjeenii xun bish bxiin bolovsrol dutaj bna uur bna!!!! sarangerel bas bish bnaa MAN emegtei xund xatuu xandax xeregtei bna emegtei xun toriin ajil xiixed tolgoi dutna asuudal ixtei xezee emegtei mgld toriin ajil xiij baivaa!!!!!
Барилгын ТМС төгссөн хүн Боловсролын сайдаар томилогдсон нь жаахан тиймхэн юм болжээ. Боловсрол бол хуулийн зөвлөхийн хийх ажил биш ээ