Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар гадаадаас иргэдийг татан ирэхэд ямар хүндрэл бэрхшээл байгаа, мөн ямар төлөвлөгөөтэй авч ирж байгаа талаарх мэдээллийг өөрийн цахим хуудсаараа өгсөн байна.
Тэрбээр “Манай яам гадаадаас ирсэн иргэдээс Корона вирус илэрч, иргэдийг авчрах итгэл үнэмшил нийгэмд ерөнхийдөө сулрах бүрт эх орон нэгтнүүдээ төлөвлөгөөтэй, дэс дараатайгаар авчирсаар байх ёстой гэдэг л байр сууриа хадгалсаар ирсэн. Монголын төр иргэдээ авчирсаар байгаа. Иргэдээ авчрах ажиллагаа – эргэлтийг хурдасгах үүднээс саяхан УОК дээр карантины хугацааг 14 хоног болгох хүртэл санал тавьж үзсэн. Гэвч карантины 18 дахь хоног дээр халдвар илэрсэн тохиолдол гарч байсан тул мэргэжлийн хүмүүсийнхээ байр суурийг сонсож, 21 хоногийг хөдөлгөх боломжгүйг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрч байсан.
Монголчууд бид өвчин эмгэггүй, тайван байгаа болохоороо төрийг хэт болгоомжилж байна гээд шүүмжлээд л байна. Гэтэл манайтай цаг уур, хоол хүнс, соёл иргэншил, удамшил ген бараг нэгтэй Казахстан, Киргизстанд онцгой байдал, дэглэмээ цуцалмагц халдвар хэрхэн дэгдсэнийг хавсаргасан зургаас харах бизээ. “Үүдээ нээ, сүржигнэхээ боль!” гэх амархан хэдий ч өвчлөл дэгдвээс одоо бачууруулж буй хүндрэлүүд нимгэлэгдэхгүй дээр нэмээд харин харамсан харуусаад ч нөхөхгүй хохирол учирах эрсдэлтэйг бодоцгоох бизээ. Тиймээс иргэдээ тооцоотой төлөвлөгөөтэй байдлаараа л үргэлжлүүлэн авчирсаар байх нь чурал байна” гэжээ.
Б.ИРЭЭДҮЙ