Эмэгтэй улстөрчдийн тухай ярихад хамгийн түрүүнд Ангела Меркель, Тереза Мэй нар санаанд тань буудаг биз ээ. Тэгвэл дэлхийн улстөрийн тавцанд залуу, хэвшмэл ойлголтоос өөр шинэ төрлийн эмэгтэй удирдагчид хэдийнээ гараад иржээ.
Санна Марин, 34 настай, Финландын Ерөнхий сайд
Өнгөрсөн 12 сарын эхээр Социал-демократ намын төлөөлөгч, 34 настай бүсгүй Финландын Засгийн газрыг тэргүүлснээр дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болсон юм. Харамсалтай нь Санна энэ байр сууриндаа удаан байж чадаагүй, 2020 оны 01 сарын 07-нд Австрид 33 настай Себастьян Ерөнхий сайд болсноор Санна залуу Ерөнхий сайдын байраа тавьж өгөхөд хүрсэн. Гэхдээ “анхны” тодотголтой Маринд дэлхийн хэвлэлүүд анхаарлаа хандуулж, шинэ 10-ны бэлгэдэл хэмээн харж байна.
Түүний нийгэм-эдийн засгийн байдал улстөрийн удирдагчдын дунд тун өвөрмөц. Санна ижил хүйстний гэр бүлд өссөн. Түүний ээж биологийн эцгээс нь салсныхаа дараа хамт амьдардаг болсон амраг бүсгүйтэйгээ хамт өсгөсөн байна. Өсвөр насандаа ийм гэр бүлтэй гэдгээ хэлэхэд ихэд санаа зовдог байснаа тэр ярьдаг. Тиймээс улстөрчийн хувьд нийгэмд ямар ч хүүхэд хэн болохыг хүсдэгээ өөрөө шийдэж, давуу талаа мэдэрч амьдарч байх ёстой гэдгийг зарчмаа болгоно гэсэн байна.
Санна Тампере их сургуулийг төгсөөд гэр бүл доторх хамгийн анхны дээд боловсролтой хүн болжээ. Тэрбээр 2013 онд хотын зөвлөлийг тэргүүлснээр улстөрийн карьераа эхэлсэн юм. Араас нь парламентын гишүүний сонгуульд оролцож, Тээвэр, харилцааны сайдаар Ерөнхий сайд болох хүртлээ ажилласан. Марин гаргасан амжилтаа улстайгаа болон ээжтэйгээ холбож үздэг бөгөөд эхлэл бүрийг нь дэмжиж явдаг талархжээ. “Би бүх нийтийг хангалуун байлгадаг жинхэнэ улсад өссөн. Нийгэм намайг хамгийн хүнд үед ч дэмжиж байдагт талархаж явдаг” хэмээн ярьжээ. Өнөөдөр Саннаг нөхөр Маркус Ряйккёнен нь ч дэмждэг. Түүний нөхөр Тамперегийн Маркетингийн академийн олон нийттэй харилцах хэлтсийн захирал. Тэд 10 гаруй жилийг хамтдаа өнгөрөөсөн бөгөөд 3 настай охинтой.
Александрия Окасио-Кортес, 30 настай, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн
Түүний намтар бол сайтар найруулсан кино зохиол шиг л юм. Түүний эцэг нь жижиг бизнес эрхэлдэг америк бол ээж нь цэвэрлэгчээр ажилладаг пуэрторико хүн байлаа. “Би өөрийгөө Ноам Хомскийн номоор л өссөн гэж хэлж болно л доо. Гэхдээ үгүй. Би ээжтэйгээ хамт жорлон зүлгэж л өссөн” хэмээн Окасио-Кортес хүүхэд насаа дурсчээ. Хоёрдугаар курст байхад нь эцэг нь хорт хавдраар өөд болсон аж. Ингээд хөөрхий бүсгүй өдрийн 18 цаг бага цалинтай ажил хийж, гэр бүлийнхээ хоногийн хоолыг залгуулдаг байлаа. Александрия өмнө бармен, үйлчлэгч байсныг өрсөлдөгчид нь дурдах дуртай. Өөрөө ч үүнээсээ ичдэггүй бөгөөд “Би ажилчин ангийн америкчуудаа сайн ойлгодог. Яагаад гэвэл өөрөө энэ амьдралыг туулсан хүн” гэдэг.
Таконы худалдаа, коктейль найруулахын хажуугаар тэрбээр сенатч Эдвард Кеннедийн офист ажилладаг байв. Төрөлхийн сониуч, ямар нэгэн зүйлсийг өөрчлөх хүсэл нь түүнийг улстөрч Берни Сандерсын сонгуулийн штабтай нэгдэхэд хүргэсэн юм. 2016 онд Берни Ардчилсан намын сунгаанд Хиллари Клинтонд ялагдаж, Александриягийн карьер эсрэгээрээ өссөн байна.
Окасио-Кортес олон рекордтойгоор дэлхий дахинаа алдаршсан. 29 насандаа АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу конгрессвумен болсон. Жил гаруйнхны дотор Төлөөлөгчдийн танхимын бүрэлдэхүүнд орж, соёлын бэлгэдэл болж, Vogue, Time, Vanity Fair, Rolling Stone зэргийн нүүр, хуудсанд гарч, тэр ч бүү хэл алдартай комиксын нүүр царай болсон юм.
Ана Брнабич, 44 настай, Сербийн Ерөнхий сайд
2017 оны зун Сербийн Засгийн газрын тэргүүлсэн анхны эмэгтэй, ижил хүйстэн гэдгээ зарласан хамгийн анхны Ерөнхий сайд болсон юм. Хамгийн гол нь Серб улс хуулиараа ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрдөггүй улс орнуудын тоонд ордог. 2000-аад оны эхээр бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхахыг хориглосон хэд хэдэн хууль батлагдсан ч энд ижил хүйстнийг гадуурхах үзэгдэл хэвээр байна. Тухайлбал, тэднийг хүүхэд үрчилж авахыг хоригложээ. Гэсэн хэдий ч энэ бүгд Анаг хайртай бүсгүй, эмч Милиция Журжичтэйгээ албан бусаар гэрлэхэд саад болсонгүй. Өнгөрсөн жил тэд Игор хэмээх хүүтэй болсон юм. Одоогоор шинжээчид түүнийг засгийн эрхэнд байхдаа нийгмийн хувьд өсөн дэвжих, боловсролын шинэчлэлийг явуулах, авлигатай тэмцэхэд нэн тэргүүнд ажиллана гэж үзсэн байна.
Катрин Якобсдоуттир, 44 настай, Исландын Ерөнхий сайд
“Би багадаа мэс засалч болохыг мөрөөддөг байснаа санаж байна. Бас рок од болохоор ч зэхэж байсан. Харин хэзээ ч Ерөнхий сайд болно гэж бодож байгаагүй” хэмээн Катрин дурсдаг. Тэрбээр мэргэжлээ замдаа таарсан хүндрэл бэрхшээл бүрт “тийм” гэж хэлэх, асуудлыг эрс шийдэмгийгээр шийдэх хүсэлтэй холбоотой гэдэг. Якобсдоуттир өөрийгөө ийм том албан тушаалд томилогдсоныг өвөрмөц зүйл биш гэж харахгүй байна. Тэрбээр 1980-аад онд Исландад зөвхөн эмэгтэйчүүдээс тогтсон нам байсныг дурсах дуртай.
Катрин сайд болохоосоо өмнө сэтгүүл зүйлд өөрийгөө сорьж, төрөлх Исландын их сургуульдаа багшилж байсан. Оюутны жилүүддээ клипэнд хүртэл тоглож байлаа. Исланд, франц хэлний бакалаврын диплом авч, түүнчлэн “Скандинавын нуарын хаан” Арнальд Индридасоны уран бүтээлээр магистрын диссертаци хамгаалсан. Түүний гол давуу тал нь ард иргэддээ хайртай. Олон нийтийн санал асуулгуудаас харахад хүн амын 60 орчим хувь нь түүнд Ерөнхийлөгчөөсөө илүү итгэдэг гэж гарчээ.
Зузана Чапутова, 46 настай, Словакийн Ерөнхийлөгч
Тэрбээр Словакийн тав дахь Ерөнхийлөгч, анхны эмэгтэй төрийн тэргүүн болсон юм. Зузана сонгуульд ялсныхаа дараа “Өрсөлдөгчид рүүгээ дайрч доромжлолгүйгээр ялж болдгийг харж байна уу” гэж хэлсэн байдаг. Ерөнхийлөгчийн кампанит ажил зөөлөн, эерэг байдлаар явагдсан нь Чапутова Ерөнхийлөгчийн суудалд гарахад нөлөөлсөн байна. Түүний стратеги бол ямар ч түрэмгийлэлгүй, хүмүүнлэг шударга байдал болсон нь засагтаа үл итгэх хандлагатай хэдэн жил аж төрсөн нийгэмд цэвэр агаар залгилах боломж болсон юм.
Хэвлэлүүдээр түүнийг “Словакийн Эрин Брокович” гэж мэдэгддэг. Хүний эрхийг хамгаалагч энэ дүртэй тэрбээр олон талаараа төстэй. Зузана салсан, хоёр хүүхэдтэй бөгөөд эхнээсээ эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийн төлөө тэмцэж ирсэн юм. Тэрбээр төрөлх хотдоо хогийн полигон барих асуудлыг 14 жилийн турш эсэргүүцэн тэмцээд ялалт байгуулснаар алдаршсан. Энэ асуудлаар тэрбээр Словакийн дээд шүүх, Европын холбооны шүүхээр хүртэл заргалдсан түүхтэй. Зузана төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа байгаль орчноо хамгаалах асуудлаар тэмцэхээр ажиллаж байна.
Жасинда Ардерн, 39 настай, Шинэ Зеландын Ерөнхий сайд
Ардерн 2017 оны 10 сард Ерөнхий сайд болсноор дэлхий дахинаа “Жасиндомания” хэмээх шинэ нэр томъёо гаргаж ирсэн юм. Залуус түүнийг ижил хүйстний гэрлэлтийг дэмжлэг, эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэх эрхтэй гэж үздэгээр нь дэмждэг. Үүнээс гадна Жасинда дижей сонирхдог бөгөөд 2014 онд өөрөө Laneway наадамд хүртэл оролцож байсан удаатай. Ахмадуудын хувьд нийгэм дэх ялгааг багасгах хөтөлбөрөөрөө таалагддаг.
Дэлхий дахинаа бол Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа хүүхэд төрүүлсэн гэдгээрээ олонд танигдсан. Нив Те Ароха охин нь 2018 оны зун мэндэлж, 09 сард ээжтэйгээ хамт НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцсоноор форумын хамгийн залуу оролцогч болсон. Жасинда 6 долоо хоногийн хугацаанд декреттэй байсан гэдэг.
Эх сурвалж: ru.hellomagazine.com