Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.07.04/
ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 11 сая гаруйд хүрснээс 5.7 сая гаруй хүн эдгэрч, 500 мянга гаруй хүн энджээ. АНУ-д хоёр сая 732 мянга гаруй болж, 128 600 гаруй хүн энджээ. Тус улсын нийт 36 мужид халдвар нэмэгдэж байна.
Тархалтыг хумих үүднээс эрх баригчид амны хаалт зүүхийг шаардаж байна. Бразилд 1,549 мянга гаруй болж өсчээ. Рио де Жанейрод бар, цэнгээний газруудыг нээсэн ч хүмүүс зай барих, амны хаалт зүүхгүй байна. Японд 250 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 154 нь Токиод илэрчээ.
Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь 20-30 насныхан бөгөөд баар, цэнгээний газарт халдвар авчээ. Австралид 36 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс бүгд Викториа мужид бүртгэгджээ. БНСУ-д 63 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгджээ.
БНХАУ-д гурван шинэ тохиолдол илэрснээс хоёр нь зөөвөрлөгдсөн бол нэг нь Бээжин хотод бүртгэгджээ. Шинфади захтай холбоотой халдварын тоо 332 болжээ. Эдгээрээс есөн хүн эдгэрчээ.
Европын Комисс ремдесивир тарилгыг хүндэрсэн өвчтөнүүдэд хэрэглэх зөвшөөрөл олгожээ.