Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан “Яараад яахав дээ” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна.
Тиймээс цагдаагийн байгууллагаас энэхүү аяныг Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрт баруун аймгуудын чиглэлд аян замд гарч байгаа зорчигчидтой хамтран зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаанд “Crown Starex” машин, мотоцикл эзэмшигчдийн группийн залуус, олны танил жүжигчид, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр нарын зэрэг олон хүмүүс оролцож бусдыгаа уриаллаа.
Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол хамгийн ихээр үйлдэгдэж, хамгийн их хүн нас бардаг зуны улиралд буюу энэ сарын 1-нээс эхлэн орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор энэхүү аяныг ийнхүү хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.
Мөн “Оюутолгой” ХХК, “Мобиком Корпораци” ХХК хамтран ажиллаж, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын баг, Автотээврийн үндэсний төв, Монгол даатгал, Таван богд, АПУ, Петровис зэрэг томоохон аж ахуйн нэгж, байгууллага дэмжин оролцов.
Үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, зам тээврийн осол гэмтлийг бууруулах зорилготой тус аяныг насан туршийн аян болгон хэвшүүлэх, жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавих хэлбэрээр эерэг, хайр, халамжийг агуулсан нөлөөллийн аргаар явуулахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.