Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.07.03/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: ДЭМБ-ын мэргэжилтэн хэлэхдээ “Сүүлийн 24 цагт АНУ-д 53,300 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдварын тоо 2 сая 679 мянга гаруй болсноос 128 мянга гаруй хүн эндсэн талаар тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ.
АНУ даяар халдвар өргөн хүрээнд тархаж буй учраас 23 мужид үйлчилгээний газруудын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрээ хойшлуулаад байна. Олон мужид иргэдийг амны хаалтаа зүүх шаардлагыг тавьж байна.
ОХУ-д халдварын тохиолдол 661 мянга болсноос 9683 нас баралт бүртгэгдээд байна. Японд 125 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгдлээ. Үүнээс 107 нь Токиод бүртгэгдсэн байна. Тэдгээрийн ихэнх нь 20-30 насны залуус байна. Уг залуусын халдварын зам мөрийг хөөж үзэхэд баар, шөнийн клубээр үйлчлүүлсэн иргэд байсан гэнэ.
Австрали улсад 86 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Өнгөрсөн пүрэв гарагаас хойш долоо хоногийн хугацаанд шинээр 253 тохиолдол бүртгэгдэж, нийтдээ 8001 тохиолдол бүртгэгдээд байна. Нас баралт долоодугаар сарын 2-ны байдлаар 104 байна.