Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгааны талаар судалгаа хийснээ олон нийтэд танилцууллаа. Тус судалгаанд 6600 гаруй иргэнийг хамруулсан байна. Сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус өвчин хүн амын дунд түгээмэл байгаа нь тулгамдсан асуудал болжээ.
НҮБ-ын төрөлжсөн агентлагаас 2016 онд хийсэн судалгаанаас монголчуудын нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж буйгийн дотор 32 хувь нь 30-70 насныхан байна.
Энэ удаагийн судалгаанаас харахад халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлгүй бүлэг нь хүн амын 3.9 хувийг эзэлж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг чилээсэн асуудал болов. Архи, тамхины шалтгаант эмгэг, хөдөлгөөний хомсдол, таргалалт, илүүдэл жин гээд хүн амын 22.7 хувь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ.
Мөн 45-69 насны иргэдийн талаас илүү нь буюу 51.2 хувь нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй гарсан нь судлаачдын анхаарлыг татжээ. ДЭМБ-аас зөвлөсөн давсны хэрэглээг бууруулах стратеги үр дүнтэй байгаа ч баруун бүсийнхэн хэрэглээгээ хоногт таван грамм буюу стандарт түвшинд хүртэл бууруулах шаардлагатайг онцоллоо.