Гадны улс орноос ирж, тусгаарлалтад ороод байгаа иргэдийн сэтгэл зүй ямар байдаг талаар БСШУ-ны сайд асан Ч.Куландаа хэвлэлд өгсөн ярилцлаганыхаа үеэр хуваалцжээ.
Тэрбээр “Хүн өөрөө тухайн орчинд орж үзэж байж л тэр үеийн сэтгэл зүйг мэдрэх байх. Өрөөндөө цоожтой, хоол ирэхээр хаалгыг таваг гаргах хэмжээний зайтай онгойлгохоор нь тавина. Хоол өгч дууссаны дараа өрөөг гаднаас нь түгжээд явна.
Амралт, эмнэлэгт танилцсан хүмүүс тэр дороо танилцаж найзууд болцгоодог бол тусгаарлагдсан өрөөний уур амьсгал ч цаанаа хүйтэн хөндий. Хоорондоо юм бараг ярихгүй. Хамгийн гол нь өөрийгөө байнга дарамтанд байлгадаг юм билээ.
Яагаад гэвэл өөрийн эрхгүй “Би аюултай учраас намайг тусгаарласан”, “Юмыг яаж мэдэхэв, халдвар авчихсан бол яана аа”, “Халдвартай бол үр хүүхдийг минь элдвээр хэлэх вий” гэсэн бодлууд толгойноос салахгүй. Ер нь өөрийгөө гэхээс илүү бусдад гай болох вий гэсэн бодол хамгийн хэцүү нь юм билээ. Одоо 1000 гаруй хүн тусгаарлалтад байгаа сурагтай. Тэр хүмүүсээ бас хайрлаж, ойлгоосой гэж хүсье. Тэнд байгаа хүмүүс бүгд л над шиг сэтгэлийн дарамттай байгаа.
1 дүгээр сарын эхээр Япончууд Уханиас иргэдээ татаж авсан.Тэднийгээ Чиба мужид тусгаарласан байдаг. Тэр үед тусгаарлагдсан иргэдийн байрлах зочид буудлын гадаа хотын иргэд нь очиж дуу дуулж, хөгжим тоглож, бүрэнхий болохоор халуу сэтгэлээ илчилсэн зүрхэн хэлбэртэй лаа асааж, хүүхдүүд нь зочид буудлын хашаа дээр “Би та нартай хамт. Та ганцаараа биш шүү. Хичээгээрэй” зэрэг бичиг, зурсан зурагт хуудсуудаа тавина. Ийм сэтгэл хөдлөм мэдээнүүд олныг үзсэн.
Тэр ч байтугай тусгаарлалтын хугацаа дуусч гэртээ харьж буй хүмүүсийг хотын дарга, иргэд нь баяр ёслолын баяртайгаар үдэж гаргаж байсан. Гэтэл тэрхүү эерэг хандлага нь сэтгэл зүйд ямар их хүч дэм өгөх үйлдэл болдгийг сая тусгаарлалтад байхдаа ойлголоо шүү дээ. Ер нь тусгаарлалтад байгаа нэгнийгээ хэмлэлгүй, ядахдаа л сошиалаар элдэв доромж үг бичихгүй байгаасай гэж хүсье” хэмээжээ.