Ээлжит сонгуулийн маргааш ялалт, ялагдлын талаар нийтлэлч Д.Баярхүү “Монголын ард түмэн сонголтоо хийчихсэн. Та хэчнээн ухаантай эрдэмтэй байгаад ард түмнээсээ л мандат авна. Өөрөөсөө биш, гэр бүл, найз нөхдөөсөө биш! гэдгийг өчигдөр нотолчихлоо. Монгол Улс ухаантнуудаараа дүүрчихсэнийг ард түмэн харлаа. Сонгуулийн солиорол хэрээсээ хэтэрсэн. Хорин нэг хоног багаддаггүй юм байна, харин ч ихэдлээ. Бүр залхлаа. Залхсандаа дүнгээ тавьчихлаа!” гэсэн нийтлэлээ ч бичжээ.
Харин өнөөдөр улс төрийн хүрээний нэг хэсэг нь МАН-ын сонгуулийн амжилтыг аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн, зарим нь үгүйсгэж байгаа юм. Ялалт, ялагдлын үнэ цэнэ адилхан байдаг болохоор гомдогсод хэзээд гарч ирнэ гэдэг л энэ болж байх шиг байна.
Ингэхэд МАН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны нууц юу байв. Яагаад ялалтын туг МАН-д очив оо? Олон хүн ийм асуулт тавьж байгаа. Гэхдээ энэ асуулт зөвхөн МАН-ын ялалтын маргааш хөндөгдсөн болохоос биш аль хэдийнэ, сонгууль зарлагдахаас хавьгүй өмнө дэлхийг айлгаж байгаа Коронавирусийн аюул, тахал өвчнийг дотооддоо алдчихалгүй хангалттай сайн манаж байгаа МАН-ын Засгийн газар энэ сонгуулийн ялагч байх болно гэдгийг бүгдээрээ яриад, хэлээд, бичээд ирсэн нь бас үнэн билээ.
Сонгуулийн сурталчилгааны өдрүүд эвгүй. Улс төрийн 15 нам, 4 эвслээс дэгдээж буй бараан сурталчилгаа, салхи шуургыг сайн зохион байгуулалтаар л давахгүй бол энэ давалгаа нэг л мэдэхэд МАН-ын эерэг хэмээн тооцож байсан бүгдийг хийсгэх боломжтой. Сонгуулийн өдрүүдэд МАН-ын Төв штаб 18 талаас нь шидэлсэн хар мэдээ, бараан шуургатай тэмцсэн. Гэхдээ энэ шуургыг зөөлөн хариулж, МАН-ыг ялалтад хүргэсэн хүн бол сонгуулийн штабыг удирдаж УИХ-ын сонгуульд оролцсон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан.
Үндсэндээ Д.Амарбаясгалан намын штабаа нэг гараар зангидан барьж, зөв тактиктай ажиллаж намаа ялалтад хүргэснийг ч МАН-ынхан яриад эхэлсэн. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нэр цэвэр хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлнэ хэмээн амласнаасаа хойш У.Хүрэлсүх ч, Д.Амарбаясгалан ч нэр дэвшигчдээ тодруулах хүртэл хэнийг хаана сойхоо зарлаагүй. Хэний ч санаанд оромгүй нэр дэвшигчид МАН-аас тодорсон. Тэднийг бүгд л шүүмжилж, МАН тойргоо сул тавиад өгсөнтэй ижил нэр дэвшигчид тодруулжээ. АН-тай суудлаа хуваана гэж тохирсон байна ч гэж хардсан.
Гэвч олонхын энэ хардлага андуурал байж гэдгийг сонгуулийн сурталчилгааны өдрүүд, сонгуулийн дүн харууллаа. МАН-ын Төв штаб Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг аймаг бүрт илгээж, залуу шинэ нэр дэвшигчдээ дэмжүүлсэн. У.Хүрэлсүх ч лидер гэдгээ баталж нэр дэвшигчдээ чирээд гаргаад ирлээ. Намын штабын зохион байгуулалт, намын даргын нэр хүндээр сонгуулийн ялалтыг тодорхойлсон түүх өнгөрсөн 7 сонгуулийн түүхэнд байгаагүй.
“Хүчээ нэгтгэе”, “Багаар нь дэмжье” гэсэн оновчтой уриа, залуучуудын сонгуульд оролцох идэвхийг сэргээж, МАН-ыг ч ялалтад хүргэхэд хүчтэй нөлөөлжээ. Үр дүнд нь УИХ-ыг попчдоосоо, ЖДҮ-чдээсээ, 60 тэрбумынхнаасаа салж, нийгмийн олонхийн хүлээсэн нэр цэвэр залуучууд парламент руу орж ирж байна.
МАН-ын суудал алдахгүй гэж итгэж байсан тойрог хүнд байдалд орсон тохиолдол бий. Энэ бол Баянхонгор, Ховд аймаг. Баянхонгор бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн очоогүй ганц аймаг. Энд УИХ-ын дарга Г.Занданшатар нэр дэвшиж байгаа учраас намын штаб УИХ-ын даргадаа итгэж, тойргоо бүхэлд хариуцан ажиллаж, багаа амжилтад хүргэх үүрэг өгч тохиролцсон гэдэг. Гэвч хэрэг дээрээ Г.Занданшатар МАН-ын Төв штабаас өгсөн багаар ажиллах үүрэг, багийн зарчмыг хөсөрдүүлж, ганцаарчилсан тоглолт хийсээр өөрөөсөө бусдыг жийж орхиод ирлээ.
У.Хүрэлсүх тойрч ажиллаад хэдэн гишүүнээ УИХ-д оруулаад ирэв. Г.Занданшатар төрсөн нутгаасаа хаашаа ч гарахгүй бууриа сахиж суугаад хэдэн суудлаас хэдийг алдав гэдгийн хооронд том ялгаа байгаа биз. УИХ-ын даргын энэ амиа хичээсэн зан МАН-ынханд ч, нийгэмд ч тааламжгүй сэтгэгдэл төрүүлж эхэлжээ. Ийм хувиа хичээсэн нэгнийг ТЕГ-ын дарга Д.Гэрэл дэмжээд явдаг нь ч гайхмаар…
МАН одоо өнөө маргаашгүй шинэ Засгийн газраа байгуулах байх. Үндсэн хуулийн дагуу дөрөвхөн сайд нь давхар дээлтэй байх нь тодорхой. Харин нийгэм У.Хүрэлсүх УИХ-ыг шинэчилж чадсан шигээ Засгийн газраа шинэ залуусаар сэлбэж, мэргэшсэн залуу Засгийн газар байгуулах байх хэмээн хүлээж, найдан харж байна. Энэ хүлээлтийн хариу ямар байхаас МАН-ын өнөөдрийн нэр хүнд, нийгмийн маргааш, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын сонгуулийн өнгө харагдах юм.
Д.БУЯН
1 comment
За болио. Хүчээ нэгтгэж яаж луйварддагаа харуулаа биздээ. Ийм захиалгаар юм бичихээ л больчих…