Ээлжит УИХ-ын сонгуулийн хүлээлт “Шинэ залуу улстөрчид” байсан гэхэд болно. Нийгэм Монголын улс төрд олон жил оршин тогтнож, үзэгдэл өрнүүлдэг хүмүүсээс залхаж, улс орны хөгжил дорой байгаа, ядуурал улам бүр хүрээгээ тэлж байгаад хуучин улстөрчид буруутай хэмээн үзэж байв. Сонгуулийн үр дүнгээс харахад шинэ УИХ-ын гишүүдийн 31 нь цоо шинэ залуучууд байна. Энэ нь парламентын гишүүдийн 40.78 хувийг эзэлж байгаа юм.
Төрийн ордон, УИХ-ын индэрээс хурц тод мэдэгдэл хийж, нийгмээ үймүүлэхэд өндөр хувь нэмэртэй оролцдог УИХ-ын гишүүд, улстөрчдөд энэ удаа сонгогчид итгэл хүлээлгэсэнгүй. Нийгмээ хагалан бутаргаж, хөндсөн асуудлаа шийдэл болгож чаддаггүй зогсоол дээрээ хий эргэдэг улстөрчдөд сонгогчид нь баяртай гэж хэллээ гэсэн үг. Тэдгээр улстөрчдийг Ж.Батзандан, Л.Болд, З.Энхболд, О.Баасанхүү, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нар өнгөлж байна.